Монголын оюутны холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдэгдэл хийлээ.
Тэд “1995 оноос оюутнуудыг нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ очих, буцахад нь дэмжлэг үзүүлж эхэлсэн. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахдаа төрийн байгууллагын ачааллыг бууруулах, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор салбарын төрийн бус байгууллагаар уг ажлыг гүйцэтгүүлж ирсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл оюутан, суралцагчдыг хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй болгож, дээрх хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчин нийтийн тээврийн шинэчлэл нэрийн дор олон мянган оюутныг хохироож байна” гэлээ.
Оюутнууд оюунлаг хэсгийн төлөөлөл болохынхоо хувьд хуулиа дээдлэж, холбогдох шаардлага хүсэлтүүдийг удаа дараа хүргүүлж, асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор олон сар ажилласан ч үр дүн гарсангүй, оюутнууд улам ихээр хохирсон тул хууль зөрчсөн албан тушаалтнуудыг огцортол нь тэмцэл хийхээ мэдэгдэж байна гэв.