Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Залуучуудын холбооноос нийслэлд сурч, хөдөлмөрлөж буй нутгийн оюутан, залууст оюуны хөрөнгө оруулахаар “Оюунлаг баасан гариг” хөтөлбөрийг гурав дахь удаагаа хэрэгжүүлэх болжээ. Залуус баасан гаригийг шоуны өдөр болголгүй, амжилтад хүрсэн хүмүүсийн үгийг сонсгоход уг үйл ажиллагаа чиглэдэг байна. Тэгвэл энэ жилийн “Оюунлаг баасан гараг” цуврал уулзалтын анхны зочноор “Ховддоо сайхан амьдарцгаая” сангийн тэргүүн Б.Пүрэвдорж оролцон, аймгийн хөгжлийн гарц, түүнд хүрэх арга замын талаар ярьж, залуусыг төрсөн нутагтаа ажиллаж амьдрахыг уриалсан байна. Дараагийн зочноор “Монгол омогшил” төрийн бус байгууллагын илтгэгч, Лектор төвийн сургагч багш Ц.Мөнхбаатарыг урьжээ.