“Оюутолгой” компани Өмнөговьд өөрийн хөрөнгөөр барьсан 96 километрийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг төрийн өмчид шилжүүлэн өглөө.
Тус компанийн Санхүү хариуцсан захирал Стив Дугган, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Занданхүү нар Эрчим хүчний яаманд цахилгаан дамжуулах агаарын шугамыг төрийн өмчлөлд шилжүүлэх, ашиглалт засвар үйлчилгээг хариуцах гэрээнд өчигдөр гарын үсэг зурсан юм.
“Оюутолгой” компани хоёр хэлхээт 220 кв-ын энэ шугамыг 2011 онд барьж эхэлсэн бөгөөд 2012 оны долдугаар сараас ашиглажээ. Энэ үеэр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “Уг шугамыг улс хүлээн авснаар манай улсын эрчим хүчний сүлжээ найдвартай, чанартай дэд бүтцээр өмнөд хөршийнхтэй холбогдож байна.
Үүнээс гадна манай улс эрчим хүч экспортлогч орон болох зорилтод хүрэхэд нэг алхам ойртлоо” гэж ярив. Манай улсын хууль тогтоомжийн дагуу 110 кв-оос дээш хүчин чадалтай цахилгаан дамжуулах агаарын шугам төрийн өмчид байх ёстой аж. Тиймээс уг хуулийн дагуу энэ шугамыг хүлээн авч байгаа юм байна.
Н.САНЖАА