ОХУ-аас Улаанбаатарын чиглэлд аялж байсан ачаа тээврийн галт тэргэнд тэсрэх бодис байрлуулсан хэрэг өнгөрсөн зун гарчээ. 60 тн-ын цуваа бүхий нефть ачсан галт тэрэгний зүтгүүрт бөмбөг байрлуулсныг хойд хөршийн хил, гааль, холбогдох бусад байгууллагынхан илрүүлсэн аж.
Энэ талаараа ч манай хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн гэнэ. Өдгөө хойд хөршийн хууль хяналтын байгууллагынхан энэ алан хядах ажиллагааны эх үүсвэрийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.
Хэрэв тэсрэх бөмбөгийг илрүүлээгүй, нефть ачсан галт тэрэгний цуваа Монголын нутагт орж, Сэлэнгэ аймагт зогсох үед нь дэлбэрсэн бол аймгийн төв газартай тэгшлэгдэх аюултай байсан хэмээн хууль хяналтын байгууллагынхан өдгөө ч ярьж буй юм.
Ийм асуудал өнгөрсөн зун л тохиолдсон зүйл ч биш гэнэ. Манай тагнуул, цагдаагийн байгууллагад байгаа мэдээллээр одоогоос хоёр жилийн өмнө бас үүнтэй адил хэрэг явдал гарч байсныг ОХУ-ын хууль хяналтын байгууллагынхан илрүүлж байсан аж.