Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү энэ сарын 16-нд Японы Фүжи телевизийн “Даун таун” цэнгээнт нэвтрүүлэгт оролцлоо. Тус нэвтрүүлэгт зочдыг архиар дайлан, амьдралынх нь талаар яриулдаг “Архинд халсан үнэн” хэмээх булан бий.
Сүүлийн үед арлын оронд айлчлаагүй аваргаас асуух юм сэтгүүлчдэд их байсан нь мэдээж. Асашёорюү ч нууж хаах юмгүй, сэтгэлээ уудалсан байна. Нэвтрүүлгийн хөтлөгч Хамада, Мацүмото нар аваргыг “Танаас их айж байсан чинь харин зодог тайлаад их эелдэг болсон байна” гэсээр угтлаа.
Ингээд хөтлөгчдийн асуулт, зочны хариултыг сонирхуулья.
-Та хөлөндөө гэмтэлтэй байхдаа Монголд Накататай хамт хөлбөмбөг тоглож, шийтгэл амссан хүн. Яг гэмтэлтэй байсан уу?
- Үнэн, бараг л хугалчихсан байсан юм.
- Монголын “хал цэрэг” Кёкүшюүзаны машины толийг хагалсан гэсэн үү?
- Сэтгүүлчид шахаад байхаар нь холдуулах гээд гараа өргөтөл хагарчихсан.
- Япон ёкозүна хэзээ төрөх бол?
- Төрөхгүй байх. Эндод итгэл хүлээлгэж байгаа ч аварга болох бөх биш.
- Японы сүмогийн холбоонд хандаж, хэлэх үг?
- Асашёорюү шиг болж болохгүй шүү гэж хэлэхийн оронд Асашёорюү шиг барилд гэж бөхчүүдэд сургадаг байгаасай.
- Монголд ямар бизнес эрхлэж байна вэ?
- Банк, газар тариалан. Монголд хүнсний ногоо тариалж, гурил хийгээд Японд гаргах төлөвлөгөөтэй байгаа.
- Улс төрд орох бодол бий юу?
- Байхгүй.
Ярилцлага дуусаад “Одоо ч сүмо бөхөд хайртай” гэсээр гаран одсон Асашёорюүг цаашдаа Японы олон телевиз нэвтрүүлэгтээ урих төлөвлөгөөтэй байгаа гэнэ.