АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар төсвийн төслийн талаар голлон ярилцжээ. Энэ хүрээнд УИХ-ын дарга, Ерөнхий сайдын болон тодотгол, ирэх жилийн төсвийн төслийн талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна.
Ингэхдээ төрийн захиргааны албан хаагчдын цалинг хасах Засгийн газрын саналыг дэмжиж, хувийн хэвшлийг дэмжих чиглэлд анхаарал хандуулах ёстой гэж санал нэгджээ. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалингаас хасах замаар бий болгосон эх үүсвэрийг хувийн хэвшлийг дэмжихэд зориулах ёстой гэв.
Ээлжит хуралдааны талаар мэдээлэл хийсэн бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН-ынхан “3000 хүнийг ажилгүй болгох гэлээ” хэмээн суртал ухуулга хийж байна. Өмнө нь “Төрийн бүтцийг нэмлээ” гэж байсан хүмүүс өнөөдөр “Энэ хүмүүсийг ажилгүй болгох нь” хэмээж байгаа нь цэвэр улс төрийн тоглолт” гэж байлаа.
Мөн бүтцийн өөрчлөлтийг ирэх оны наймдугаар сарын 1-нээс хийхээр буйг дэмжив. Үүнээс гадна Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гацууртын ордыг ашиглахтай холбоотой гэрээний төсөл бэлэн болсныг дуулгаж, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг УИХ-д оруулж ирэхийг бүлгээс чиглэл болгов.
Түүнчлэн Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжжээ. АН хуваагдаж, зарим гишүүн нь өөр нам байгуулсан гэх мэдээллийг бүлгийн дарга албан ёсоор үгүйсгэсэн юм. Тэрбээр тусдаа нам байгуулсан гэгдээд буй гишүүдтэй уулзаж, дээрх мэдээллийг тодруулсан байна.
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өгөв.
-3000 хүнийг ажлаас чөлөөлбөл тэднийг давтан сургалтад хамруулахаас эхлээд харин ч их зардал гарах юм биш үү?
-Төсвийн шинэчлэлийн хүрээнд бүтцийн өөрчлөлт хийх гэж байгаа юм. Хүмүүсийг давтан сургахад төсвөөс ямар ч зардал гарахгүй. Тэгээд ч тэднийг хувийн хэвшилд шилжүүлэн ажиллуулна. Энэ нь зах зээлийн жам ёсоор хувийн хэвшилд ажиллах боломжийг тэдэнд нээж өгч буй хэрэг.
-Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд ямар албан тушаалтай хүмүүс ажилгүй болов?
-Тэд бол төрийн захиргааны албан хаагчид. Улс төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар бууруулж байгаа.
-Ерөнхий сайдыг огцруулах төсөлд гарын үсэг зурж болохгүй гэсэн сануулга бүлгээс өгсөн юм уу?
-Өнөөдрийн байдлаар 14 гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл бий. АН-аас нэг гишүүн гарын үсэг зурсан байгаа.
-Гацууртын ордыг ашиглах тухай асуудал нэлээд шүүмжлэл дагуулдаг. Засгийн газраас дахин төсөл өргөн барих гэж буй бололтой. Түүнийг нь АН-ын бүлэг дэмжих үү?
-Гацууртын ордын нөхцөл байдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд багагүй мэдээлж байна. Энэ ордыг ашиглаагүйн улмаас улс орон хэрхэн хохирч байгаа талаар цуврал нэвтрүүлэг гарч буй. Эдийн засгаа хүнд байдалд оруулахгүйн тулд тус ордыг зайлшгүй ашиглах хэрэгтэй гэдэг нь тодорхой байна.
Тийм учраас Засгийн газар “Бороо гоулд”, “Сентерра гоулд” компанитай хэлэлцээ хийж, тохиролцоонд хүрснийг Ерөнхий сайд хэлсэн.
Улмаар УИХ-д уг асуудлыг дахин оруулж ирэх шаардлагатай болсон. Үүнийг АН-ын бүлэг дэмжиж байгаа.
-Бүтцийн өөрчлөлтийг ирэх оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх нь дараагийн Засгийн газрын эрхэнд халдсан хэрэг биш үү. Тэгээд эдийн засгийн байдал хүнд байхад энэ арга хэмжээг аль болох эрт хэрэгжүүлсэн нь үр дүнтэй биш гэж үү?
-Дараагийн Засгийн газар, УИХ-ын эрхэнд халдаж байна гэдгийг нэг талаар хүлээн авах боломжтой. Гэвч нөгөө талаас хүлээн авахгүй байх нөхцөл бүрдсэн. 2016 оны төсвийн төсөлд бүтцийн өөрчлөлтийн талаар яриагүй.
Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголыг дагалдаж бүтцийн өөрчлөлтийн төсөл оруулж ирсэн. Тэгэхээр үүнийг шийдчихвэл 2016 оны Засгийн газар өөр бүтцээр ажиллах боломж бүрдэнэ гэж Хэрэг эрхлэх газрынхан тайлбарлаж байгаа.
Бүтцийн өөрчлөлтийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ гэж МАН яриад байгаа нь цэвэр улс төрийн тоглолт. Бид хуулиа баталсны дараа хэрэгжүүлэх хүртэл зохион байгуулалтын асуудалд зайлшгүй цаг хугацаа зарцуулах ёстой. Тиймээс наймдугаар сараас хэрэгжүүлбэл тохиромжтой гэж Ерөнхий сайд тайлбарласан.
Б.УРАН