-Бүтэн найман цаг гадаа нь зогсож байхад тагнуулынхан юу хийж байв-
Монгол Улсын иргэнээс манай улсын нутаг дэвсгэрт гадаадын хууль хяналтын байгууллагынхан орж ирэн, тайлбар мэдүүлэг авсан нь үндэсний аюулгүй байдал хийгээд бусад хууль тогтоомж зөрчсөн нь дуулиан тариад байна.
Тэднийг тусгаар тогтносон Монгол Улсын хилийг нэвтрэн орж, хилийн онцгой бүсэд ийн дураараа авирлах эрх хэн олгов гэдгийг бид нэхэн сурвалжиллаа.
Зарим хэвлэлд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь гаалийн салбарын эрхлэгч нь тэдгээр хүмүүст тусгай өрөө гаргаж өгсөн, ОХУ-ын мөрдөн байцаах чиг үүрэг бүхий байгууллагын хурандаа, дэд хурандаа цолтой хоёр эрхэм тэр өрөөнд нь манай хоёр иргэнээс байцаалт авсан талаар мэдээлсэн. Бид газар дээр нь очиж болсон явдлыг тодрууллаа.
ХИЛИЙН ЦЭРГИЙНХЭН УРСГАЛ СӨРӨН
ХИЛ ГАРГАЖ ӨГӨВ
2015.10.05-ны пүрэв гариг. 15.00 цаг. Алтанбулаг-Хиагтын хилийн боомтоор ОХУ-ын талаас ногоон өнгийн “УАЗ-Патриот” маркийн С 006 КР дугаартай автомашинаар Цырин, Гындынович зэрэг ОХУ-ын тусгай албаны гурван хүн нэвтэрч, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний албаныханд бүртгүүлжээ. Гэхдээ тэд албан ажлын шугамаар Монголд орж ирсэн гэдгээ мэдүүлээгүй аж.
Тус боомтын ОХУ-ын талаас нэвтрэх хаалгаар нь орж ирмэгц тэднийг Хилийн цэргийн тусгай ангийн хоёр офицер залуу тосон авсан байгаа юм. Ингээд дипломат төлөөлөгчийн болон албаны хүмүүсийн явдаг “ДК, Албаны” гэсэн тусгай тэмдэглэгээтэй нэгдүгээр замаар гаалийн бүрдүүлэлт хийлгээд Монгол Улсад нэвтрэх дардас даруулсан гэнэ.
15.31 цагаас эхлэн Алтанбулаг боомтын байрны урд талын зогсоолд бүтэн дөрвөн цаг зогссон байна. Уг зогсоолд нь тус боомтод ажиллаж буй хилийн цэргийн ангийн захирагч зэрэг цөөн хүний л машиныг байрлуулах зөвшөөрөлтэй, гааль, мэргэжлийн хяналт, ИХШХА-ныхан хувийн тэргээ зогсоовол боомтын аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй ажиллаж буйгаараа хилийн цэргийнхэн хөөдөг гэнэ.
Гэтэл энэ удаад гадаадын тусгай албаныхан орж ирээд монголчуудад байцаан шийтгэх ажиллагаа явуулж байхад хилийн цэргийнхэн боомтын аюулгүй байдлыг хангах чиг үүргээ биелүүлсэнгүйгээр үл барам, харин ч тэдэнд тусалсан байгаа юм.
Тухайн өдөр ажиллаж байсан хил, гаалийн зарим ажилтантай уулзахад “Хилийн цэргийн офицер Отгондаваа, Баярхүү нар хойд хаалган дээр ОХУ-ын хууль хяналтын байгууллагын дүрэмт хувцастай хоёр хүн, тэдний орчуулагч нарыг тосож аваад албаны зочид төлөөлөгчид болон дипломат төлөөлөгчдийн автомашинд үзлэг хийдэг талбайд аваачсан.
Үзлэг 30 минутын дотор буюу тодруулбал, 15.31 цагт дуусмагц уг “УАЗ Патриот” машин тэр бүр хил, гаалийн ажилтнууд зогсоод байдаггүй зогсоолд очиж зогссон. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй.
Сүүлийн үед хэвлэлээр л тэр ногоон өнгийн автомашинаар ирсэн Оросын хуулийн байгууллагын дүрэмт хувцастай хүмүүс гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн хоёр хүнийг байцаасан тухай мэдээлэл сонссон” гэж ярилаа.
Оросын хууль хяналтын байгууллагын жирийн бус, дээд офицер хоёр албан тушаалтан манай улсын нутаг дэвсгэрт орж ирээд дураараа байцаан шийтгэх ажиллагаа явуулж байхад хилийн боомтын аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тагнуулын байгууллага юу хийж байв гэх эргэлзээтэй асуудал эндээс урган гарч ирнэ.
Алтанбулагийн боомтын нэг өрөөнд тагнуулын байгууллагын 4-5 ажилтан үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тэнд ажилладаг олон хүн хэлнэ. Нэг бус хүн “Өөрсдөө хууль бус үйлдэл хийхийг ч оролддог. Тэгсэн атлаа хилийн боомт дотор гадаадын тусгай албаны хүмүүс орж ирээд монголчуудыг байцааж байхад нүдэн балай чихэн дүлий өнгөрөөсөн нь хачирхалтай.
Улс орны нүд чих болсон тагнуулын байгууллагынхан ийм байна шүү дээ” гэцгээж байлаа.
Хилийн цэргийн офицер Отгондаваа, Баярхүү нар Оросын хууль хяналтын байгууллагын хурандаа, дэд хурандаа цолтой хоёр хүнийг дагуулан гаалийн мэргэшсэн бүртгэгч Г, түүний эхнэр Э нартай уулзаж, тайлбар мэдүүлэг авсан байгаа юм.
Ингэхдээ Алтанбулагийн Гаалийн салбарт тусдаа, биет үзлэгийн өрөөнд орж байцаалтаа авах гэхэд нь гаалийн ахлах байцаагч Ням-Эрдэнэ үл зөвшөөрөн тухайн өрөөнөөс гаргасан гэнэ. Энэ үед оросууд эхлээд Г-ээс тайлбар авчээ. Дараа нь түүгээр эхнэрийг нь дуудуулан мэдүүлэг авсан байгаа юм.
Ингээд хилийн боомт дотор бүхэл бүтэн таван цаг болоход тагнуул, хилийн цэргийнхэн тэдний юу хийж байгааг ч үл ойшоосон гэхэд хилсдэхгүй. Гарахдаа бас л манай улсын хууль тогтоомжийг зөрчсөн байгаа юм.
Тэд хилээр гарах хуудас 18.09 цагт авсан мэтээр бүртгүүлжээ. Ингээд 19.26 цагт улсын хилээр гарсан мэтээр тэмдэглүүлсэн байна. Гэвч түүнээс хойш 40-өөд минутын дараа хилийн цэргийнхэн оросуудыг гаргаж өгсөн байгаа юм. Тэгэхдээ Монголын талаас хойд хөрш рүү гарах чиглэлд нь ачаалал ихтэй байсан учраас урсгал сөрүүлэн, хойд хөршөөс орж ирдэг хаалгаар оросуудыг гаргасан аж.
Үүнээс үзэхэд оросууд манай хил, тагнуулынхантай тохиролцон орж ирээд, тэдний тусламжтайгаар манай хоёр иргэнд байцаан шийтгэх ажиллагаа явуулаад гарсан байгаа юм. Энд манай улсын иргэдийн Үндсэн хуулийн 16.13-т заасан эрх зөрчигджээ.
Уг зүйл заалтад “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй.
Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн заалтыг зөрчин Оросын талынхан гэр бүлийн хоёр хүнийг байцаажээ.
ОРОСУУД БИДНИЙГ МАШИНДАА СУУЛГАЖ ГЭРЧЭЭР АСУУСАН
Оросуудад байцаагдсан гаалийн мэргэшсэн бүртгэгч Э-тэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Оросууд танаас ямар хэргийн учир байцаалт авсан юм бэ. Тэр өдөр та Гаалийн салбарынхаа өрөөнд тайлбар өгсөн юм уу?
-Би энэ асуудлыг яримааргүй байна л даа. Гэвч хэвлэлээр янз бүрийн зүйл бичээд байгаа болохоор зарим зүйлд хариулт өгье. Алтанбулагийн Гаалийн салбарын байранд тийм зүйл болоогүй. Тухайн үед манай дүү Дарханд бие нь муудаж, би түүнийг сахиж байсан юм.
Тэгтэл нөхөр маань над руу утасдаад яаралтай хүрээд ир гэхээр нь яаран сандран гэрээрээ орж, хувцсаа сольж өмсөөд ажил дээр иртэл ОХУ-ын хуулийн байгууллагын хоёр хүн ирээд манай өрөөний үүдэнд зогсож байсан.
Тэгээд уулзмаар байна гэхээр нь манай өрөөнд уулзаж болохгүй гэж би хэлсэн. Оросууд “Манай машинд суучих. Хэдхэн зүйл тодруулъя гэсэн”. Тэгээд орж суугаад 19.20-20.00 цаг хүртэл асуусан зүйлд нь хариулсан.
Өнгөрсөн зун гэр бүлийн найзууд маань нийлж, Байгал нуурт очиж амарсан юм. Тэр үед нэг хэрэг гарсныг нь манай найзтай холбож үзээд байгаа юм билээ. Бид найзыгаа тийм хэрэг хийсэн гэж үзэхгүй байгаа.
-Зарим хэвлэлд бичсэнээр таныг нөхөртэй чинь хамт танай гаалийн салбарын эрхлэгч хүчээр нэг өрөөнд оруулж тайлбар өгүүлсэн гээд байгаа шүү дээ. Монгол Улсын иргэн эх орондоо гадаадын хууль хяналтын байгууллагынханд тайлбар өгөхгүй байж болно биз дээ?
-Би хэлээд байна шүү дээ (уцаарлав). Намайг ирэхэд өрөөний үүдэнд оросууд зогсож байсан. Би өрөөндөө та нартай уулзаж болохгүй гээд гараад машинд нь уулзсан. Тэгж тусдаа өрөөнд оруулсан зүйл байхгүй. Бид энэ талаарх тодорхойлолтоо тагнуул, цагдаагийнханд бичээд өгсөн байгаа гэлээ.
Тэд хууль хяналтын байгууллагад гаргаж өгсөн тодорхойлолтдоо “Гаалийн салбарын өрөөнд байцаалт авахыг оросууд оролдсон. Гэвч Гаалийн улсын ахлах байцаагч Ням-Эрдэнэ уурлан “Зохих журмын дагуу шалгах газар нь шалга гээд биднийг хөөж гаргасан. Тэгээд оросууд эхнэр бид хоёроос машиндаа тайлбар авсан. Ингэхдээ өнгөрсөн зун Байгал нуур руу аялсан уу гэж асууж байсан” хэмээжээ.
Үргэлжлэл нь дараагийн дугаарт
Г.РАВЖАА