Нийслэлийн Авто замын газар хотын төвийн тээврийн хэрэгслийн түгжрэлийг бууруулах зорилгоор Нарны замыг 19 дүгээр хорооллын арын зорчих хэсэгтэй 1.5 км шинэ замаар холбож, 58 м урт гүүр, 22 м өндөр нүхэн гарц барьснаа өчигдөр албан ёсоор хүлээлгэж өглөө.
Өмнө нь нүхэн гарцыг ашиглалтад оруулсан бол өчигдөр 1.5 км явган хүний, унадаг дугуйн болон авто зам, 58 урт гүүрийг нээсэн юм. Энэ сарын 30-нд ашиглалтад оруулах ёстой байсан уг байгууламжуудыг ийн 10 хоногийн өмнө хүлээлгэн өгсөнд иргэд талархаж байв.
Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж “Бүтээн байгуулалтын гэрээг 2014 оны арванхоёрдугаар сард байгуулж, замын ажлыг нь 2015 оны тавдугаар сард эхлүүлэн, инженерийн олон шийдэлтэйгээр барьж дуусгалаа.

Дунд гол дээгүүр 48 метр урт бетонон гүүр, дулааны шугамын хажуугаар мөн 10 метр гүүр, төмөр замын доогуур хос нүхэн гарц, 1.5 км дугуйн болон авто замыг маш богино хугацаанд, чанартай хийж гүйцэтгэсэн.
Замын ажлыг эхлүүлэхдээ олон шийдэлтэйгээр төлөвлөсөн нь амжилттай боллоо. Ингэснээр Энхтайваны гүүрийн ачаалал 30 хувиар багасаж, “Хурд” хороолол, 120 мянгат, Зайсангийн иргэд явган хүний болон дугуйн дөт замаар Үндэсний соёл амралтын хүрээлэн, Цэцэрлэгт хүрээлэн рүү зорчих боломж бүрдэж буй.
Зам, гүүрийн хэмжээ хэдийгээр богино ч ач холбогдлын хувьд их өргөн. Мөн энэ сарын 23-нд Шарга морьтын зуслангийн чиглэлд тавьсан 16.3 км замыг нээнэ. Энэ нь дөрвөн урсгалтай, явган хүний болон унадаг дугуйн замтай. Мөн замынхаа хоёр талаар гэрэлтүүлэгтэй. Үүн дээр 54 метр төмөр бетонон гүүрийг дөрвөн урсгалтай болгож шинэчилсэн.
Гэрэлтүүлэг, явган хүн, дугуйн зам, гүүрийг нийт таван компани гүйцэтгэж, 300 гаруй хүнийг ажлын байраар хангалаа. Түүнчлэн Гачууртын чиглэлийн 11 км замын зорчих хэсгийг өнгөрсөн есдүгээр сард нээсэн. Нэмэлтээр явган хүний болон дугуйн зам тавьж байна. Энэ сарын 26 гэхэд ашиглалтад орчих байх” гэж ярив.
Нийслэлийн ЗДТГ, НАЗГ цаашид шинээр тавьж буй авто замуудаа бүгдийг нь явган хүний болон дугуйн замтай байхаар төлөвлөн барьж буй юм байна.
Тэгвэл энэ жил нийт 30 орчим км дугуйн зам ашиглалтад орох гэнэ. Өчигдөр нээсэн 1.5 км унадаг дугуйн замын өргөн нь гурван метр, зузаан нь таван см аж.
О.БАТ-УНДРАХ