Хүн бүр багаасаа Монгол Улсын Төрийн соёрхолт, ардын зураач Д.Амгалангийн “Ээжээ сайн байна уу” зурагтай танилцаж, эх, үрийн хүйн холбоог түүгээр дамжуулан мэддэг болсон. Тэгвэл эл зургийг Дорнод аймгийн төв Хэрлэн суманд хөшөө болгон мөнхжүүлжээ. Ардын зураач Д.Амгалангийн “Миний эх орны өглөө” цуврал зураасан зураг, “Капитализмыг алгасч” зурагт хуудас, “Фронтын бэлэг”, “Жаахан шаргын нутгаар”, “Эмч ирлээ” зэрэг алдарт бүтээлүүдийг нь хүмүүс андахгүй биз ээ. Тэрбээр монголчуудын сэтгэлд хоногшин үлдсэн “Ээжээ сайн байна уу” алдарт хөргөө өнгөт хулдаасан дээр өөрийн балчир охидоос санаа авч зурж байжээ.