Дорнод аймгийн Сэргэлэн суманд байгуулагдсанаас нь хойш тулгамдаж байсан нэг асуудал нь сумын төвийн урьд хэсэгт байрлах Галын голын гарам гэнэ. Хавар, намрын улиралд голын ус зайрмагтахад түүгээр орж, гарах автомашинууд суух нь олширдог аж. Олон жил энэ асуудлыг шийдвэрлэхээр ярьж, гол дээр гүүр барих хөрөнгийг аймаг, орон нутгийн төсөвт суулгаж байжээ. Харин энэ жил аймгийн удирдлагууд сумынхаа Орон нутгийн хөгжлийн сангийн 15 сая төгрөгөөр “Шинь-шинь” ХХК-тай хамтран, Галын голын гарамд дөрвөн ширхэг багана суулгаж, цементен болон шороогоор хучиж, янзалсан байна. Мөн голын урд хэсэгт байх эгц өндөр гүвээг сэтлэн хоёр км сайжруулсан шороон зам гаргажээ. Ийнхүү шинэ зам, гарамтай болсноор Сэргэлэн сумын иргэд төдийгүй түүгээр дайран өнгөрдөг Баяндун, Цагаан-Овоо сумынхны асуудал шийдэгджээ.