БСШУЯ дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд CDIO олон улсын байгууллагын төв, Сингапур улсын Политехникийн институттэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд Инженерийн боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын арга зүйг сайжруулах төсөл хэрэгжих юм байна. Л.Гантөмөр сайд “Бид шинийг сэтгэдэг залуусыг ирээдүйд бэлтгэнэ. Эдүгээ хүн төрөлхтөн дэлхий дээр буй төрөл бүрийн мэдлэг олж авахаас илүү мэдсэн зүйлээ ашиглаж, түүгээрээ аливааг бүтээх болсон. CDIO-н энэхүү санаачилгад нэгдсэн бүх улс орон өөрийн онцлогтой сургалтын шинжлэх ухааныг гаргаж ирээд байна. Бид ч цоо шинэ ийм шинжлэх ухаантай болно” гэж ярив.
Гурван жилийн хугацаатай хэрэгжих дээрх төслийн хүрээнд инженер технологийн салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөрийн шинэчлэл, сургах, суралцах арга барилыг өөрчлөх зорилгоор CDIO системийг нэвтрүүлэх юм байна. Энэ систем нь багш нар сургалтаа илүү сайн төлөвлөж, заах арга туршлагаа сайжруулан, инженерийн мэдлэгийг бодитой үнэлж дүгнэх, оюутнууд үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай инженерийн ажлын туршлагад суралцах боломжтой бүрдэх гэнэ.
Төслийн явцад ШУТИС, МУИС, ХААИС-ийн 150 багшийг гурван үе шаттайгаар сургалтад хамруулах аж. Төсөлд шаардагдах 641.745 сингапур долларыг тус улсын “Тамэсэк” сангаас, 347.050 сингапур долларыг БСШУЯ, Сингапурын Политехникийн институт хамтран санхүүжүүлэх гэнэ.