Монголчууд сүүлийн жилүүдэд хавдар хэмээх “хадны мангаатай” тэмцсээр туйлдаж байна. Өнгөрсөн онд гэхэд улсын хэмжээнд 5483 хүн хавдар тусаж, 3536 нь нас баржээ. Гуравхан сая хүнтэй монголчууд хавдраас болоод жил бүр хэдэн мянган иргэнээ энэ мэтээр тэнгэр лүү “илгээгээд” байвал юу болох билээ. Ялангуяа элэгний хорт хавдраар манай улс дэлхийд тэргүүлж буй нь гашуун үнэн.
Хавдрын бүртгэлийн байгууллага “Монгол Улсад хавдартай хүний тоо цөөрөхгүй, 2025 он гэхэд жилд 6300-7500 хүн шинээр оношлогдоно” гэсэн тооцоо гаргасан байна. Тэгвэл албаныхан элэгний хатуурал, хавдар үүсгэгч А, В, С, Д вирус тээж буй 400 орчим мянган хүн Монголд буй гэх судалгаа гаргажээ. Өвчнөө эмчлүүлэхгүй удвал дээрх тоог хэдэн мянгаар нэмэх магадлалтайг ч эмч нар ярьж байна.
Эдгээр вирусээс С нь хамгийн хор хөнөөлтэй. Өвчлүүлэх явц удаан, цусаар, эхээс урагт дамжин халдварладаг. Эмчлүүлэхгүй цаг алдвал элгийг хатууруулж, хавдар үүсгэдэг тул Эрүүл мэнд, спортын сайдын энэ оны 196 дугаар тушаалаар уг вирустэй хүмүүсийг нэн тэрг үүнд оношилж, эмчлэхээр болоод буй.
Эхний ээлжинд С вирус тээгчдийг 98 хувь анагаах үйлчилгээтэй “Харвони” эмийг ирэх сарын дундуур Монголд оруулж ирнэ. Нэг курс нь 94.000 ам.долларын үнэтэй уг эмийг манайхан 1200 ам.доллараар худалдаж авахаар болсон. Нэг сар уух 28 ширхэг шахмал эмийн үнэ нь 400 ам.доллар юм.
ЭМСЯ улсын II, III шатлалын эмнэлэг болон дүүргүүдийн томоохон 22 эмийн сангаар “Харвони”-г борлуулахаар төлөвлөөд байна. Энэ онд 1600, ирэх жил 2000 орчим хүнийг эдгээх хэмжээний эм импортлохоор ЭМСЯ, АНУ-ын “Гелеад сайнс” компанийнхан тохиролцоод байгаа.
Эм оруулж ирэхээс урьтаад улсын хэмжээнд хүн амыг элэгний В, С вирустэй, эсэхийг оношилж буй. Ингэхдээ стандартын шаардлага хангасан, шинжилгээ хийх албан ёсны эрхтэй 10 лабораторийг ХӨСҮТ сонгон шалгаруулсан юм. “Элэгний төв”, “Грандмед”, “Интермед”, “Сонгдо” эмнэлэг, “Гялс” анагаах ухааны төв, “Хаппи веритас”, “Мед-Аналитик”, “Онкоген”, “Стандлаб”, “Итгэл” эрүүл мэндийн төвийн лабораторид өдгөө 2500 гаруй хүн шинжилгээ өгснөөс 1300 орчим нь С вирустэй гэж оношлогджээ.
Шинжилгээнд хамрагдагсдын олонх нь эмэгтэй, бас 17-45 насныхан байна гэж дээрх лабораториудын төлөөлөл хэлэв.
О.БАТ-УНДРАХ