Олон улсын зөвлөх компани “Henley & Partners”-аас дэлхийн улс орнуудын жуулчлалын эрх чөлөөний чансааг шинэчлэн гаргалаа. Энэхүү чансааг тухайн улс орны иргэн хэдэн улсад визгүй зорчиж байгаагаар, Олон улсын агаарын тээврийн холбооны мэдээлэлд тулгуурлан гаргадаг байна.
“Henley & Partners” компанийн судлаачид “Визийн хязгаарлалт байхгүй гэдэг нь улс орнуудын хамтын ажиллагаа болон тухайн орны олон улсын нэр хүндийг илтгэн харуулдаг” гэж мэдэгджээ. 2015 оны жуулчлалын эрх чөлөөтэй орноор Герман, Их Британи улс шалгарлаа.
Эдгээр улсын иргэд дэлхийн 218 орон, тусгай захиргааны бүсээс 173-д нь визгүй зорчих эрхтэй байдаг аж. 172 оронд визгүй Финланд, Швед, АНУ улс чансааг удаалжээ.
Хамгийн сүүлийн байрт шалгарсан Афганистан орны иргэд 25-хан оронд чөлөөтэй зорчдог бол Монгол Улс 52 оронд визгүй зорчдог үзүүлэлтээр 83 дугаар байрт орсон байна.
М.СУГАРАА