Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2010-2015 онд нийслэл, аймаг, томоохон хот, суурин газрын барилга, байгууламжуудыг хянан шалгажээ. Төрийн өмчит ерөнхий боловсролын 656 сургууль, 686 цэцэрлэгийг хамруулсан эл шалгалтаар 1970 оноос өмнө ашиглалтад орсон, газар хөдөлнө гэдгийг огт тооцоогүй барьсан сургууль 164, цэцэрлэг 148 байгааг тогтоогдсон байна. 1970 оноос хойш, газар хөдлөлтийг тооцож барьсан ч холбогдох норм, дүрмийн шаардлага хангахгүй 78 сургууль, 103 цэцэрлэг байна. Улаанбаатар хот дахь төрийн өмчит 14 их, дээд сургууль, 34 коллежийн хичээлийн байр, оюутны 20 дотуур байрнаас хичээлийн 13, дотуур 12 байр газар хөдлөлтөд тэсвэргүйг уг шалгалтаар тогтоожээ. Ялангуяа МУБИС-ийн “Г” байр, ШУТИС-ийн II дотуур байрыг нэн даруй хааж, оюутнуудыг гаргах шаардлагатай бол СУИС-ийн хичээлийн төв байрны барилгын үндсэн хийц, бүтээцийг яаралтай бэхэлж, хүчитгэх шаардлагатай болсон аж. Хяналт шалгалтад хамруулсан бүх сургуулийн барилгыг хугацаанд нь засаж сэлбэж ирээгүйгээс чанар нь муудаж байна гэж мэргэжлийн хяналтынхан дүгнэв.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалт, улсын байцаагчийн акт, гаргасан дүгнэлт, албан шаардлагын мөрөөр нийслэл тодорхой ажил хийж байгаа. Тухайлбал, 22 дугаар сургуулийн “А” блок, Монгол гурав, 70 дугаар сургуулийг нурааж, шинээр барилаа. 38 дугаар сургуулийн “Б” блок, тав, 11, 32, 92 дугаар сургууль, 26, 47, 57, 146 дугаар цэцэрлэгийн байрыг суллан, эхнээс нь шинээр барьж эхэлжээ. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид энэ сарын 19-нд хуралдан, сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, 18 дугаар цэцэрлэг, 14, 32 дугаар сургууль, 38 дугаар сургуулийн “А” байрыг акталж, концессоор шинийг бариулахаар шийдвэрлээд байна.