Архангай, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймагт “Бэлчээрийн менежментийг оролцогч талуудын оролцоог сайжруулах замаар боловсронгуй болгох нь” сэдэвт зөвлөгөөн болж байна. Энэ сарын 16-нд эхэлсэн уг зөвлөгөөнийг дээрх зургаан аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл, Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран, арваннэгдүгээр сарын 2 хүртэл ээлжлэн зохион байгуулж байна. Бэлчээрийг зохистой ашиглах талаар дорвитой өөрчлөлт хийх талаар нэгдсэн ойлголтод хүрэх, 2016 онд аймаг, сумдын түвшинд бэлчээрийн менежментийн чиглэлээр баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлох, бэлчээр ашиглагч, зохион байгуулагчдын уялдааг сайжруулах зорилгоор энэ зөвлөгөөнийг хийж буй аж. Энэ үеэр малчдын бүлгүүд бэлчээрийн менежментийн чиглэлээр аймаг, сумын хэмжээнд 2016 онд хэрэгжүүлэх ажлын зөвлөмж боловсруулж байна.
Хуурайшилт, халалт, даац хэтэрсэн зэргээс болоод Архангай аймгийн бэлчээр талхлагдан доройтож байгаа гэнэ. Судалгаанд хамруулсан нийт цэгийн 21 хувийнх нь бэлчээрийн ургамлын бүтэц хэвийн байгаа бол 79 хувьд нь тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж, харилцан адилгүй түвшинд доройтжээ. Хэрвээ ашиглалтын горимыг өөрчилбөл доройтсон бэлчээрийн 58 хувь нь сэргэх гэнэ. Бэлчээрийн даац 3-21 дахин хэтэрсэн тул малынхаа тоог цөөлж, чанарыг сайжруулан, ашиг шимийг нэмэгдүүлж, эр сувай малаа нядлах хэрэгтэй гэдэгт зөвлөгөөнд оролцогчид санал нэгдэж байна.