Монгол Улсын үндэсний бахархалт шувуугаар зарласан шонхорыг арабууд монголчуудын тусламжтайгаар дур зоргоороо барьж, хил давуулан авч гарахаар оролдож байна. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 16-нд хилийн хяналт сул байж болзошгүй гэж гадаад, дотоодынхон тооцоолсон бүсээр 47 шонхор шувуу авч гарахаар явж байсныг хилийн цэргийн алба хаагчид илрүүллээ.
Хил хамгаалах байгууллагынханд 20-70 УБӨ улсын дугаартай “Тоёота Прадо”, 23-73 СЭА улсын дугаартай “Портер” маркийн машинд сэжигтэй ачаа ачсан хүмүүс Хөвсгөл аймгийг чиглэн явсан тухай мэдээлэл өгсөн байна.
Уг мэдээллийн дагуу Хилийн цэргийн 0257 дугаар ангийн тусгай томилгоот бүлгийнхэн Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэн Н-ынд тэдгээр машинууд очсоныг тогтоож, тэнд нь үзлэг шалгалт хийсэн гэнэ.
Улаанбаатар, Сэлэнгээс очсон иргэн М, Н нар Украины иргэн А-тай хамтран 47 шонхор шувуу барьж, хил гаргах санаатай авч явсан бөгөөд дээрх айлын байшингийн дээврийн хонгилд “амьд бараа”-гаа нуусан байжээ.
Хууль хяналтын байгууллагынхан өдгөө дээрх хүмүүсийг шалгаж эхэлсэн бөгөөд Украины иргэн нь арабуудад зуучилж, шонхорыг нь гаргаж өгөх гэж байсан бололтой хэмээн эх сурвалжууд мэдээллээ.
Г.РАВЖАА