Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын санаачилгаар “Бүх нийтээр мод тарих өдөр” төрсөн хүүхдүүдийн нэрэмжит төгөл байгуулахаар болсон байна. Уг төглийг тус аймгийн Говил багийн нутагт байрлах “Бүжинлхам” бурхны дэргэд байгуулахаар болсон. Энэ оны бүх нийтээр мод тарих өдөр төрсөн долоон хүүхдийн нэрэмжит модыг тухайн газарт суулгалаа.
Энэ жилийн бүх нийтээр мод тарих өдрөөр Орхон аймагт долоон хүүхэд шинээр мэндэлжээ. Бүх нийтээр мод тарих өдөр мэндэлсэн хүүхдүүдийн нэрэмжит төгөл байгуулах ажил энэ сарын 20-ноос эхэлж байна.
Тодруулбал, Энэ сарын 10, 11-ны өдөр төрсөн 4 охин, 3 хүүгийн нэрэмжит ойн төгөл Говил багийн нутагт байрлах “Бүжинлхам” бурхны дэргэд ургах юм. Тухайн хэсэгт тарих улиас модны суулгацыг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас олгож эцэг эхчүүд нь тарилаа. Мөн тухайн төгөлд мод нь сүндэрлэж буй хүүхдүүдэд батламж гардуулан өглөө.
Дээрх төгөлд тарьсан модныхоо арчилгааг эцэг эхчүүд хариуцна. “Бүжинлхам” бурхны дэргэд байгуулсан бүх нийтээр мод тарих өдөр мэндэлсэн хүүхдүүдийн нэрэмжит төгөлд нэмж мод тарих ажил цаашид үргэлжлэх юм байна. Өөрөөр хэлбэл жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт төрсөн хүүхэд бүрийн модыг дээрх төгөлд нэмж тарина гэсэн үг юм. Дээрх төгөлд эцэг эхчүүд сайн дураараа мод тарих боломжтойг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн хэллээ. “Бүжинлхам” бурхны сэрэг дүр байрлаж буй талбайд 100 гаруй мод тарих боломжтой юм байна.