Манай улсад улаан эсэргэнэ гэх өвчин дэгдэж, 350 гаруй хүн өвдсөн тухай мэдээ байна. Эдгээрийн 94.2 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэж ХӨСҮТ-ийнхөн хэлэв. Монголд 1952 онд ийм өвчтэй хүнийг анх бүртгэж байсан бол сүүлийн жилүүдэд тархалт нэмэгдэх хандлагатай байгааг тус төвийнхөн ярьсан юм. Бүх насныхан тусах магадлалтай энэ өвчнөөр голдуу багачууд өвддөг аж. Өдгөө улаан эсэргэнэ туссан хүмүүсийн 86.7 хувийг ес хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаагийн 20 гаруй хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Иймээс нийт хүн амыг улаан эсэргэнээс урьдчилан сэргийлэхийг ХӨСҮТ анхаарууллаа.
Улаан эсэргэнэ нь А хүрээний стрептококкоор үүсгэгддэг. Хордлого, гүйлсэн булчирхайн үрэвсэл, арьсанд юм туурах шинж тэмдгээр илэрдэг цочмог халдварт өвчин аж. Агаар дуслаар, амьсгалын замаар шууд халддаг уг өвчин нь нян үүсгэгчээр бохирдсон эд юмс, тоглоом, өвчтөний хувцас, хүнсний зүйл, сүүгээр дамжин халддаг гэнэ. Томчууд энэ өвчний халдвар авсан тохиолдолд 38-40 градус хүртэл өндөр халуурна. Харин бага насны хүүхдэд бөөлжих, хэвлийгээр өвдөх зовиур илэрч,залгиур хоолой, хүүхэн хэл, зөөлөн тагнай орчмоор улайх, гүйлсэн булчирхай томорч үрэвсэн, юм залгихад хоолой эмзэглэж хөндүүрлэнэ. Арьсан дээр хоорондоо маш шигүү байрласан, тод улаан өнгөтэй, цэг шиг жижиг тууралт гардаг аж. Хэрвээ урьд нь улаан эсэргэнээр өвдөөгүй хүн ийм өвчтөнтэй хамт байгаа бол 10-21 хоног эмчийн хяналтад байх, гарын ариун цэврээ сайтар сахих, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, агааржуулах, ам, хамрын хөндий, хоолойгоо цэвэршүүлсэн уусмалаар өдөрт 2-3 удаа зайлж байхыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Хэрвээ өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандахыг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүлэв.