Өнөө цагийн хамгийн алдартай, чадварлаг программистуудын олонх нь эрэгтэй байдаг ч анхных нь эмэгтэй хүн байжээ. Лондоны шинжлэх ухааны музейд энэ долоо хоногт компьютерийн анхны программист Ада Лавлейсийн амьдрал уран бүтээлээр үзэсгэлэн дэлгэх нь. Түүний намтраас танилцуулъя.
Алдарт яруу найрагч, тайж Жорж Гордон Байрон, математикт хорхойтой Энн Изабелла нар хүүтэй болохыг хүсэж байсан ч 1815 оны арванхоёрдугаар сарын 10-нд охин төрж урмыг нь хугалжээ. Байрон түүнд эгч Августа Лейгийнхээ нэрийг хайрласан байна. Гэвч Байроны гэр бүлийн харилцаа тун тогтворгүй байсан тул охиноо нэг сартайд Энн Изабеллаг төрхөмд нь буцаажээ.
Хэдийгээр Английн хуульд гэр бүл салсан тохиолдолд эцэг нь давуу эрхтэй, хүүхдээ өсгөх ёстой байдаг ч Байрон тэгэхийг оролдсонгүй. Гэхдээ түүний эгч Адаг халамжлахаар хүсэлт гаргаж байсан гэнэ. 1816 оны дөрөвдүгээр сард хос гэрлэлтийн баталгаагаа салгаж, Байрон Англиас явж, охиноо дахин хэзээ ч хараагүй.
Тэрбээр хожим Адаг найман настайд өөд болсон гэдэг. Ээж нь охинтойгоо тийм ч дотно харилцаатай байгаагүй. Охиноо 20 нас хүрэхэд аавтай нь авахуулсан гэрэл зургаа анх үзүүлсэн гэдэг. Адаг багаас нь л өвчин ээрчээ. 14 насандаа тэрбээр улаан бурхан туссанаас болж хөл нь мэдээгүй болсон байна. Жил гаруйн турш хэвтэрт байсан охин 1831 оноос таяг тулж алхдаг болов.
Тэр хэдийгээр өвчиндөө шаналж байсан ч математик, технологийн ухаанд дурлаж, өөрийгөө хөгжүүлж, баргийн хүүхдийн чадахгүйг боддог байв. Түүний ээж хий юм хардаг, сэтгэлийн хямралтай байсан бөгөөд үүндээ Байроныг буруутгадаг. Иймээс охиноо өөр шигээ нэгэн болгохгүйн тулд багаас нь тооны ухаанд шамдуулж, XIX зууны алдартай судлаач, шинжлэх ухаанчдаар гэрээр хичээл заалгадаг байв. Бяцхан охин 12 настайдаа дагина болж нисэхийг хүсчээ.
Мөрөөдлөө биелүүлэхээр дэс дараатай, маш нарийн тооцоолол боловсруулан 13 настайдаа анхны алхмаа хийж, далавчаа дэлгэсэн юм. Тэр төрөл бүрийн материал, хэмжээг судалж, олон янзаар туршжээ. Бүр шувууны анатомийг судалж, далавч болон биеийнх нь харьцааг тодорхойлж байв. Ийн хөгжсөөр нас бие гүйцэж, үзэсэлэн гоо нь бүрдсэн Ада Лавлейс гэрийн багштайгаа дурлалын романс үүсгэж, нууцаар оргох төлөвлөгөө боловсруулсан ч ээж нь мэдэж болиулсан байна.
Байроны бага охин, Адагийн хэзээ ч уулзаж байгаагүй дүү Аллегро нь таван настайдаа өөд болжээ. Энэ үеэс Байроны эгчийн охин Элизабет Медора Адатай үе үе уулзах болов. Гэвч Ада ордонд очиж, язгууртнуудын дунд орохоос болгоомжлон, түүнээс зугтдаг байжээ.
Гэрийн багш Мэри Сомуайл нь түүнийг зохион бүтээгч, математикч, гүн ухаанч Чарьлз Баббэйжтэй танилцуулсан нь бүсгүйг түүхэнд нэрээ мөнхлөхөд тус болсон хэрэг байв. Сарын дараа эрдэмтэн эр Адаг дуудаж, хөдөлгүүрийн онцлогийн загвараа үзүүлэхэд бүсгүй үнэхээр биширчээ. Адаг задлан шинжлэх онцгой чадвартайг энэ үед Чарльз анзаарсан байна.
“Алмааз оюун ухаан” нэрээр олонд мэдлэг, гоо үзэсгэлэнгээрээ алдаршиж эхэлснээр Ада язгууртнуудын дунд оржээ. Түүнийг ордонд болдог бүхий л үдэшлэг, аргаа хэмжээнд урих болов. Энэ үед тэрбээр VIII Уйльям Барон Кинг гүнтэй танилцаж, ханилжээ. Тэд Байрон, Аннабелла, Ральф Гордон нарын гурван хүүхэдтэй болсон байна.
Тэр ээжийнх нь мэдрэлийн өвчин удамшсан байж болзошгүй гэж болгоомжлон, хүний тархи яаж ажилладаг, хэрхэн бодож, бухимдаж, мэдэрдгийг мэдрэлийн системийн тооцооллын загвараар гаргахыг оролдсон байна. Энэ зорилгынхоо дагуу цахилгааны инженер Эндрю Кросстой уулзаж байсан ч судалгаа нь бүтээгүй.
1840 онд Чарльз Баббэйжийг Турины их сургуулийнхан хөдөлгүүрийн задлан шинжилгээний судалгааныхаа талаар оюутнуудад хичээл заахыг урьсан байна. Тухайн үед залуу инженер байгаад хожим Италийн ерөнхий сайд болсон Луижи Менамбриа түүний лекцийг бичиж аваад хоёр жилийн дараа тайллыг нь ил болгожээ. Ада үүнийг итали хэлнээс орчуулахдаа судалгааг нь улам гүнзгийрүүлж, хавсралт бичсэн байна.
Тэрбээр тэмдэглэлдээ компьютерийн программ хангамжийн дүрслэлийг тодорхойлжээ. Тодруулбал, англи цагаан толгойн A-G үсэг хүртэл шошготой бичсэн байна. G хэсгийн тэмдэглэлд Бернуллигийн тооцооллыг ашиглан хөдөлгүүрийн задлан шинжлэлийг алгоритмоор тодорхойлжээ. Үүнийг компьютерт тохируулах боломжтой учир Ада Лавлейсийг анхны программист хэмээн үздэг.
Гэвч бүсгүй кодоо санхүүгийн асуудал болон өвчнөөсөө болоод туршиж байгаагүй. 22 насандаа булчин задрах тахалтайгаа тэмцэж, багтраа, өвчин туссан түүний хоол боловсруулах систем ч асуудалтай байж. Өвчнийг нь намдаахын тулд эмч нар мансууруулах бодисын агууламжтай эм өгдөг байсан нь түүнийг хий юм хардаг болоход нөлөөлжээ.
Ада математикийн магадлалын онолд тулгуурлаж мөрийтэй тоглоомд хожих туршилт хийдэг байжээ. Ийн морины уралдаанд оролцож, их хэмжээний мөнгө алдаж, өрөнд унасан байна. Түүний нөхөр туршилтуудыг нь ивээн тэтгэж, өрийг нь ч дарсан гэдэг.
Дэлхийн анхны программист Ада аавынхаа өөд болсонтой чацуу буюу 37 насандаа, 1852 оны арваннэгдүгээр сарын 27-нд хорт хавдраас болж хорвоог орхисон гэдэг. Зарим цуурхалд түүнийг өр ширнээсээ болж нөхрөөсөө салсан, цахилгааны инженер Эндрю Кроссын хүүтэй хайр сэтгэлийн холбоотой болж, аавынхаа гал голомтыг түүнд гэрээслэсэн, өөд болохоосоо дөрвөн сарын өмнө нөхөртэйгөө хамгийн сүүлийн удаа уулзаж, нүглээ наминчилсан зэргээр ярьдаг аж.
Б.ДӨЛ