Монголын залуучуудын холбооноос 1992 онд шинэ Үндсэн хууль баталснаас хойш өдий хүртэл улсын эрх ашиг, үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын эсрэг хийсэн 100 хар үйл явдлыг нэрлэн, “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж буй. Уг хөдөлгөөний хүрээнд иргэд болон албан байгууллагууд хар үйл явдлуудыг нэрлэж эхэлжээ. Тухайлбал, долдугаар сарын 1-ний үймээн, 27 вагон самрын хэрэг, С.Зоригийн аллага, Б.Есүгэн охины үхэл, хадгаламж зээлийн хоршоодын дампуурал, паркийн газар зэрэг нь хар үйл явдлаар нэрлэгдчихээд байгаа гэнэ. Мөн хөдөлгөөнийг эхэлснээс хойш цөөнгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дэмжихээ илэрхийлжээ. Одоогоор Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын зохиолчдын эвлэл, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын урчуудын холбоо, Монголын телевизүүдийн холбоо, “Хамаг Монгол” хөдөлгөөн, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл нэгдээд буй гэнэ. Иргэд МЗХ-ны байранд өөрийн биеэр ирэх юм уу, тус байгууллагын цахим хуудсаар зочилж саналаа өгөх боломжтой аж.