“Next stop 2014” наадмаас тодорсон шилдгүүд энэ сарын 31-нд Төрийн ордонд “Оны залуу” лекц унших болсон. Тэд ямар сэдвээр лекц унших нь олон хүний анхаарлын төвд байгаа юм. Тэгвэл нийгэм, улс төрийн “Оны залуу”-гаар тодорсон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Дэлхийд өрсөлдөх монгол хүн”, бизнес эдийн засгийн салбарын “Оны залуу” UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин “mm+BRANDING=MM” гэсэн сэдвээр лекц унших болсон байна. Уг үйл ажиллагааг Монголын Залуучуудын Холбоо, “Залуу удирдагч” сан хамтран зохион байгуулж буй билээ. 1992 онд болсон анхны “Next stop”-ын улс төр нийгмийн салбарын шилдгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу”-гаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар шалгарч байжээ. Түүнээс хойш тус наадмаас шалгарсан 28 залуу удирдагчийн хоёр нь улсын Ерөнхийлөгч, тав нь Ерөнхий сайд, 14 нь Засгийн газрын гишүүн, 18 нь УИХ-ын гишүүн, хоёр нь Монголбанкны ерөнхийлөгч байсан нь “Next Stop” наадмын нэр хүнд, чансааг илтгэсэн үзүүлэлт гэж зохион байгуулагчид онцолж байна.