БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг болон холбогдох албаныхан БНСУ-д болсон Евро-Азийн уулархаг бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чуулга уулзалтад оролцоод иржээ. Уг үйл ажиллагааг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ) болон БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулсан бөгөөд уулархаг бүс нутагт оршиж буй орнууд аялал жуулчлалын салбарт хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцжээ. Энэ үеэр Н.Батцэрэг сайд ДАЖБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифайтай уулзсан байна. ДАЖБ ирэх онд дэлхий нийтийн аялагчдын анхаарлыг Монгол руу хандуулах үйл ажиллагааны хүрээнд дэлхийн хэмжээний “Nomadic tourism” хурал, зөвлөлгөөнийг манай улсад зохион байгуулах болсныг Талиб Рифай дуулгасан байна. Ингэхдээ манай төсөвт дарамт учруулахгүй гэдгийг ч мэдэгджээ. Монгол Улс “ITB Berlin 2015”-д түнш орноор оролцсоноос хойш аялал жуулчлалын салбараа гадаад зах зээлд дахин сурталчлах томоохон боломж нь уг хурал аж. ДАЖБ цаашид Монгол оронгүйгээр “Nomadic tourism”-ыг төсөөлөхийн аргагүй болгохын тулд БОНХАЖЯ-тай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн салбарын боловсон хүчнийг чадавхжуулахын тулд манай мэргэжилтнүүдийг Испани улс дах ДАЖБ-ын төв байгууллагад танилцах дадлага хийлгэх болсон аж. Н.Батцэрэг сайд мөн БНСУ-ын Улсан хотын захирагч ноён Ким Ги Хеонтой уулзаж, ирэх оноос мэргэжилтнүүдээ тус улсад сургахаар тохиролцжээ.