Сири дэх алан хядах ажиллагаатай хийж буй тэмцэлд Орос улс хувь нэмрээ оруулахад бэлэн, гэхдээ улс төрийн зохицуулалтыг бусад оронтой хамтарч, улс төр, үндэстэн, шашны бусад хүчний оролцоотойгоор хийнэ гэж мягмар гаригийн орой Москвад ирсэн Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай уулзахдаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн байна. 2011 онд Сирид иргэний дайн эхэлснээс хойш Башар Асад анх удаа хилийн дээс алхаж буй нь энэ аж.
Алан хядагч “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлдээ Дамаскийн олж буй амжилтыг Путин тэмдэглээд, Сирийн ард түмэн олон улсын алан хядагчидтай хэдэн жилийн турш үндсэндээ ганцаараа тэмцэж байна. Ихээхэн хохирол хүлээсэн. Харин одоо энэ тэмцэлдээ дорвитой амжилт олж байна гэж онцолсон байна.
Үүний зэрэгцээ Сирийн Засгийн газрын эсрэг байлдаанд ТУХН-ийн гишүүн орнуудын уугуул иргэд оролцож буйд сэтгэл зовниж буйгаа Путин бас илэрхийлжээ. Дор хаяж 4000 хүн тэнд байгаа аж. Ойрхи Дорнодын газар нутгийн нэлээд хэсгийг олон улсын алан хядагчдын хяналтад оруулах, энэ бүс нутгийн байдлыг тогтворгүй болгох гэсэн оролдлого олон оронд зүй ёсны болгоомжлол төрүүлж байгааг Оросын Ерөнхийлөгч тэмдэглэжээ. ТУХН-ийн орнуудын иргэд дайтах дадал олж авч, үзэл суртлын хувьд өөрчлөгдөөд ОХУ-ын нутаг дэвсгэр дээр буцаж ирэх явдлыг Москва гаргуулахгүй гэж тэрбээр онцлон хэлжээ.
Сири улсын эв нэгдэл, тусгаар тогтнолыг хамгаалахад тусламж үзүүлж буйд нь Оросын эрх баригчид, ард түмэнд Асад талархлаа илэрхийлээд, Сири дэх алан хядагчдыг ялж, эдийн засгийг нь хамтдаа сэргээнэ гэдэгт найдаж буйгаа мэдэгдэв.