Монголын барилгын компаниудын нэгдмэл санаачилгаар саяхан байгуулсан “Монголын бүтээн байгуулалтын түншлэл” буюу “Mongolian development partnership” (MDP) компани Сингапур улсад барилгын төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад орж байгаа юм байна.
Улмаар хоёр тал гэрээ байгуулахаар ажиллаж буй гэнэ. Энэ нь Монгол Улсын барилгын компани анх удаа гадаадын зах зээлд хөл тавьж байгаа тохиолдол болох аж. MDP-ийг “Цаст”, “Заг”, “Орчлон”, “Гандирс”, “Грийн ресурс констракшн” компанийн түншлэл байгуулжээ.
MDP-ийн ТУЗ өчигдөр хуралдаж, гүйцэтгэх захирлаар нь В.Лувсанчүлтэмийг томилов. В.Лувсанчүлтэм нь МУИС-ийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгсөж, Өмнөд Австралийн их сургуульд худалдааны магистр цол хамгаалжээ.
Тэрбээр “Заг” группийн санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал, Сингапур улсын “Алкем глобал прайвет лимитед” компанид Монголыг хариуцсан гүйцэтгэх захирал, Английн “Ферро Монголиа ресурс” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг нэгэн аж.
Т.ЭНХБАТ