Ховд аймгийн Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн “Бөхөн”, “Гүем” клубийн 60 гаруй сурагчид “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аян өрнүүлж, хоёр сарын хугацаанд 151 хавх цуглуулсан тухайгаа БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт захидлаар мэдээлжээ. БОНХАЖ-ын сайд энэ аяныг дэмжиж, энэ сарын 23-нд буюу маргааш тохиох Ирвэс хамгаалах олон улсын өдрөөр орон даяар “Нэг гишүүн нэг хавх” аян өрнүүлэхэд нь сурагчдад тусалж, хамтран ажиллахаар болсон байна. Байгаль орчинд ээлтэй эдгээр хүүхдийг БОНХАЖ-ын сайдын нэрэмжит өргөмжлөл, БОНХАЖЯ-ны логотой малгай, цамц, 23 төрлийн ном, видео хичээлээс бүрдсэн гарын бэлгээр шагнаснаа Хар ус нуурын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Чинбатаар дамжуулж илгээсэн аж.