Аврагч нараа мөнх цаст уул, мөсөн голоос хүн аврах ажиллагаа явуулах мэдлэг, чадвартай болгох, уулын аврах бүлэг бэлтгэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Монгол Алтайн нурууны Таван Богд ууланд дадлага, сургалт зохион байгууллаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ц.Баттулгын удирдлаган дор 22 аврагч Таван Богдод хүрэх замынхаа 50 км-ыг явган маршаар өдөр, шөнийн нөхцөлд туулсны 15 км-т нь шөнийн хүндрүүлсэн нөхцөлд алхсан байна. Уулын багаж хэрэгсэл ашиглаж, мөнх цас, мөстэй ууланд авирч, Потанины мөсөн голын 50 метр гүн ангалаас хүн татаж гаргах, мөсөн ангал руу буух, гарах дадлага хийжээ. Мөн өндөр уулын бүсэд сансрын болон радио холбоо, суурин утас ашиглан холбоо тогтоож сурсан аж.