25 дугаар суваг телевизээс зохион байгуулсан "1000 төгрөг" төсөл зорилтод сайн үйлсийн аянд долоо хоногийн дотор 110 сая төгрөг цуглаж, ГССҮТ-ийн түлэнхийн тасагт донор арьс хадгалах хөргөгч болон арьс зүсэгч цахилгаан дерматом хүлээлгэн өгчээ.
Өдөр тутам мөнгө нэмж орж ирж байгаа учраас энэ аяныг маргааш буюу аравдугаар сарын 23-ны өдрийг хүртэл сунгасан байна. Ингэхдээ хайрцгаар мөнгө хураахаа зогсоосон бөгөөд хайрцаг барин мөнгө цуглуулж, хуурамч аян явуулж байгаа хүмүүс байгааг анхаарууллаа.
Тус аянд нэгдэж, хандив өгсөн хүмүүсийн үлдсэн мөнгөөр нь 1000 төгрөг ч дутаалгүй хиймэл арьс авч, түлэнхийн тасагт өгнө гэдгээ хэлсэн юм. Нэгэн компаниас 10 сая төгрөгийн үнэ бүхий хиймэл арьс тус төслийнхөнд мөн бэлэглэжээ. Хиймэл арьс 1 см нь л 50-100 ам.долларын үнэтэй байдаг гэнэ.
"1000 төгрөг" төслийнхөн тун удахгүй дансаар болон бэлнээр хэчнээн төгрөг цугласан, мөн тоног төхөөрөмж, хиймэл арьс бэлэглэх зэргээр хандив өргөсөн байгууллагуудын талаар мэдээллэх юм байна.