Бүх нийтээр мод тарих өдөр мэндэлсэн хүүхдүүдэд зориулж, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санаачилгаар төгөл байгууллаа. Ноднин жил Баян-Өндөр сумын Говил багт Эх үрсийн цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Бүжинлхам бурхан бүтээсэн аж. Төгөлийг уг бурхны дэргэд байгуулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хавар, намрын улиралд бүх нийтээр мод тарьдаг уламжлал тогтсон. Намрын мод тарих арга хэмжээ энэ сарын 10, 11-нд тохиосон юм. Тэр өдөр Орхон аймагт дөрвөн охин, гурван хүү мэндэлжээ. Шинэ хүнтэй болсон ээж, аавуудын тарьсан суулгацыг БОАЖГ өгсөн байна.