Дундговь аймгийн удирдлагууд чулуучдаа хазаарлаж дийлэхээ байгаад цагдаагаар цагдуулж байна. Тус аймгийн нутгаас мана, гартаам, чүнчигноров зэрэг байгалийн хагас үнэт чулуу түүгчид олширч, таван жилийн турш бэлчээр, байгаль орчин сүйтгэж байгаа юм. Тэднийг цагдаа, мэргэжлийн хяналтынхан удаа дараа тарааж ирсэн ч хүмүүс нууцаар эсвэл цагдаа нарыг явахаар буцаж очоод өнгөт чулуугаа түүдэг.
Уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид Цагдаа, Мэргэжлийн хяналт, БОАЖ-ын газар, Тагнуулын хэлтэст үүрэг болгожээ. Энэ удаад хууль хяналтынхан зөвхөн чулуу түүгчдээр тогтохгүй, түүнийг нь худалдан авдаг, цааш дамжуулан зардаг, хилээр гаргаж өгдөг сүлжээг илрүүлж, таслан зогсоохоор ажиллаж байна. Үүний хүрээнд Дэлгэрцогт сумын нутагт гэр пост гарган, дээрх байгууллагуудын ажилтнууд ээлжлэн үүрэг гүйцэтгэж байгаа аж. Тэд хоёр хоноод ээлж солилцдог юм байна. Гэхдээ хяналт, шалгалтаа ийм байдлаар удаан үргэлжлүүлэхгүй. Өвлийн нөхцөлд тохируулж, оновчтой хэлбэрээр өөрчлөн зохион байгуулахаар төлөвлөж буй аж.