Энэ долоо хоногийн мягмар гаригт Оросын нисэх хүчин Сирид байлдааны 46 нислэг үйлдэж, 86 объектод цохилт өгчээ. Энэ өдөр Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Москвад гэнэт, урьдчилан зарлалгүйгээр ирсэн юм. Кремлиэс албан ёсоор мэдээлснээс үзвэл алан хядах ажиллагаатай хийж буй тэмцэлд нь Сирийн ард түмэнд үзүүлж буй тусламжаа ОХУ үргэлжлүүлэх талаар хоёр Ерөнхийлөгчийн хэлэлцээрийн үеэр ярьсан аж. Гэхдээ Башар Асадын айлчлалын хүрээн дэх бүх уулзалт хаалттай болсон учраас үнэн хэрэг дээрээ чухам юун тухай ярьсныг тааварлахад амаргүй.
Асад айлчилсан тухай мэдээллийг түүнийг буцсаны дараа цацсан байна. Путин, Асад хоёр Сирийн Ерөнхийлөгчийн улс төрийн ирээдүй хийгээд Сирид Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах боломжийн талаар ярилцсан байхыг “Коммерсантъ” сонины эх сурвалж үгүйсгээгүй бол ВВС-гийн тоймч Жонатан Маркусын үзэж буйгаар “Сирийн Ерөнхийлөгчийн гэнэтийн энэ айлчлал өөрийн хүчинд илүү итгэлтэй болж буйн илэрхийлэл байж болох тул огцрох тухай яриа ер гараагүй л болов уу. 2011 онд иргэний дайн эхэлснээс хойш, сэрэмжилж болгоомжлолгүйгээр Дамаскийг орхиж буй нь үүнийг нотлох бус уу” гэжээ.
Оросууд Сирид бөмбөгдөх ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Идлиб мужид “Исламын улс”-ын дайчдын ажиглан-удирдах цэг, зэвсгийн агуулах устгалаа гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам лхагва гаригт мэдээлсэн аж.
Тэгвэл “Исламын улс”-д үл хамаарах объектуудыг бөмбөгдөж байна, Оросын цохилтод энгийн иргэд өртлөө хэмээн Сирийн сөрөг хүчин мэдээлсэн байна. Сирийн босогчид Оросын агаарын цохилтод эсэргүүцэл үзүүлэхийн тулд зөөврийн зенит пуужингийн төхөөрөмж ирүүлэхийг Өрнөдөөс хүсэж байгаа аж. Батлагдаагүй мэдээллээс үзвэл Оросын цэргийн алба хаагчдын үзэж буй хохирол ч нэмэгдэж байгаа гэнэ.
Сирийн Засгийн газрын цэргийн талд байлдаж буй гурван орос босогчийн их бууны галд өртөж амиа алдлаа хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Нэг сарын өмнө оросуудын байрлал руу гал нээснээс 108 хүн амь үрэгдсэн гэж Арабын хэвлэлд мэдээлснийг Москва нотлоогүй юм.
Р.ЖАРГАЛАНТ