Оюутнууд эрх ашгаа хамгаална гэж Чингисийн талбайд жагсаж, асуудлыг нь хотын удирдлагууд шийдэж өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлсгөлөн зарлана гэж сүүлийн хэдэн өдөр сүржигнэцгээв. Зарим нь бүр эцэг эхтэйгээ хамт жагсаж буй гэнэ.
Гэр сургуулийн хооронд явах автобусны 1000 төгрөгийг нь төсвөөс өгөөд байхад тэд дэмий тэнэх мөнгө өг гэж даварч байгаа. Монголын оюутны холбоо бол төрийн бус байгууллага. Тэд нэг оюутнаас жил бүр 8900 төгрөг хурааж, түүнийхээ 4000-ыг нь оюутны нийтийн тээврийн зардалд зориулаад, үлдсэн 4900-гаар нь холбооныхоо төсвийг бүрдүүлдэг аж.
Энэ мөнгө юунд зарцуулагддаг байсныг оюутнууд мэддэг ч үгүй. Тэгвэл түүгээр МОХ-ны дарга нар нь хөлжиж байсан бололтой. Монгол Улсад дунджаар 170 гаруй мянган оюутан сурдаг гэсэн тоо бий. Тэд МОХ-ндоо 830 гаруй сая төгрөгийн төсөв бүрдүүлж өгдөг гэнэ.
Энэ мөнгөнөөс тус холбооны одоогийн ерөнхийлөгч Д.Батбаяр 300 гаруй сая төгрөгийг хувьдаа завшсан болох нь тогтоогдсон гэж албаны эх сурвалж мэдээллээ. Тэрбээр оюутны өдөрлөг, илтгэл, лекц, тэмцээн уралдаан зохион байгуулсан хэмээн санхүүгийн хуурамч баримт бүрдүүлэн мөнгө завшдаг байжээ.
Хамгийн сүүлд байгууллагынхаа данснаас 100 гаруй сая төгрөгийг ямар ч баримтгүйгээр авсан аж. Түүний энэ үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж, тогтоогоод саяхан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн гэнэ.
Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэсэн үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Д.Батбаяр хууль бусаар олж авсан их хэмжээний мөнгөөрөө хувьдаа орон сууц, машин авсан сурагтай.
Их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх энэ хэрэгт МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун ч бас холбогдон АТГ-т шалгуулж буй гэх мэдээлэл байна.
Х.ЖАРГАЛ