Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын “Түндэмүн глобал” төвд Сөүл хотын дарга Пак Вон Сүн тус улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудтай уулзлаа. Монголчууд хотын даргад хандан, тулгарч буй асуудлуудаа танилцуулж, тусламж дэмжлэг хүссэн байна.
Тэд оюутны дотуур байрны тоог нэмэх, “Монгол таун” хэмээх хотхонд монгол гудамж байгуулах, хотхоны гэрэлтүүлгийг сайжруулах, монгол номын сан байгуулах хүсэлт тавьжээ.
Сөүл хотын дарга Пак Вон Сүн энэхүү хүсэлтийг хүлээн авч, судлахыг холбогдох байгууллагуудад даалгалаа. Пак Вон Сүн 2011 онд Сөүл хотын даргын сонгуульд бие даан өрсөлдөж, ялалт байгуулсан хүн юм.
Өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотод айлчилж, хоёр нийслэлийн хооронд ах дүүгийн харилцаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээнд оролцсон юм.
М.СУГАР-ЭРДЭНЭ