Эх барих, эмэгтэйчүүд, арьс, гоо заслын эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг хувийн аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар шалгалт хийжээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 84 эмнэлэг, гоо сайхны мэс ажилбар, мэс засал хийдэг 15 үйлчилгээний байгууллагад хяналт, шалгалт хийгээд хэд хэдэн нийтлэг зөрчил илрүүлсэн байна.
Эмнэлгүүд ихэвчлэн хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэдээ эмчилгээний бус хоол өгдөг, зориулалтын биш байранд үйлчилгээ үзүүлдэг, бохир багаж хэрэгслийг ариутгах, халдваргүйжүүлэлт хийх, ариутгасан багаж, материал хадгалах 3-5 өрөөтэй байх зэрэг шаардлагыг зөрчсөн байжээ.
Илэрсэн зөрчлийг үндэслэн “Happy family”, “Арвин шүүдэр”, “Энх-Од”, “Ирээдүй өнөр бүл”, “Зээ”, “Бүсгүй” зэрэг эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоож, 15 байгууллага, есөн албан тушаалтанд 12 сая орчим төгрөгийн торгууль ногдуулсан аж.
Нийслэлд гоо сайхны олон газар үйл ажиллагаа явуулж буй. Тэдний үйл ажиллагааны ялгааг иргэд төдийлэн ялгадаггүйгээс шалтгаалан эрүүл мэнд, эдийн засгаараа хохирох магадлалтай гэдгийг албаны хүмүүс анхаарууллаа.
Учир нь эмчилгээний гоо сайхны газар нь тусгай зөвшөөрлийн хүрээнд эрүүл ахуйн нөхцөл, тоног төхөөрөмж, боловсон хүчин, халдвар хамгаалал зэрэг шаардлагыг хангасан нөхцөлд үйлчилгээ үзүүлдэг. Харин гоёлын гоо заслын үйлчилгээ нь хүний арьс салстыг гэмтээхгүйгээр иллэг хийх болон нүүр, хумс будах үйлчилгээ л үзүүлдэг аж.
Гэтэл иргэд гоёлын гоо заслын газарт төрөл бүрийн шивээс хийлгэх, чих цоолуулах зэрэг үйлчилгээ хийлгэж байгаа нь элдэв халдвар дамжих эрсдэлтэй гэнэ.
Түүнчлэн зарим гоо сайхны газар амралтын өдрөөр гадаадаас ирсэн эмч гоо сайхны мэс ажилбар хийдэг талаар иргэдээс мэдээлэл ирэх болжээ.
Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Гадаадаас эмч ирж манай иргэдэд гоо сайхны мэс ажилбар хийнэ гэдэг нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байна гэсэн үг. Ийм үйлчилгээ үзүүлэхдээ манай улсаас тусгай зөвшөөрөл авах ёстой. Гэтэл тэр хүн нь эмч мөн эсэх нь ч эргэлзээтэй байхад бүсгүйчүүд түүгээр үйлчлүүлж буй нь өөрсдийгөө эрсдэлд оруулж байна гэсэн үг. Дараа нь асуудал үүсэхэд тухайн эмчийг хаанаас олох вэ гэдэг нь ч бүрхэг. Иймээс иргэд гадаадаас ирсэн гэх эмч үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдлыг манай байгууллагад яаралтай мэдэгдэж байх шаардлагатай” гэв.
Х.АЗЖАРГАЛ