Өмнөд Солонгост түүхийн нэгдсэн сурах бичиг зохиож, дунд, дээд сургуулийн түүхийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх болсон нь нэлээд маргаан дагуулж байна. Эрдэмтэн мэргэд шинэ төслийг эрс эсэргүүцэж байгаа бол харин улстөрчдийн олонх нь дэмжиж байгаа сурагтай.
Хэдийгээр шинэ сурах бичгийг 2017 оноос хэвлэнэ гэж байгаа ч Өмнөд Солонгост эсэргүүцлийн жагсаал цуглаан гарч эхэллээ. Шүүмжлэгчид “Сайн ерөнхийлөгч түүхийг бүтээдэг, муу нь түүхийн сурах бичиг засдаг” гэж ярьж байгаа бол нөгөө тал нь “Одоогийн сурах бичиг Хойд Солонгосын чучхе үзэл санаатай ижил” хэмээн баталж байх аж.
Эрх баригч “Сэнүри” намын тэргүүн Ким Мү Сон “Одоогийн түүхийн сурах бичиг ардчиллын төлөө амь насаа зориулсан манай өвөг дээдсийн үнэ цэнийг унагаасан, Хойд Солонгосын талын ном” гэсэн бол сөрөг хүчний удирдагч Мүн Чжэ Ин дарангуйллын тогтолцоотой оронд л нэгдсэн сурах бичиг байдаг гэж үзэж байна.
Дэлхийн улс оронд түүхийн сурах бичгээ өөрчлөх явдал бишгүй байдаг. Хойд хөрш ОХУ-д л гэхэд хэдэн жилийн өмнө сурах бичгээ шинэчилж, “Татар-Монголын дарлал” гэдэг ойлголтыг авч хаясан билээ. Тэгвэл яагаад Өмнөд Солонгост жирийн нэг сурах бичгийн төлөө ийнхүү алалдан тэмцэлдэнэ вэ?
Тус улсад түүхийг “Өнгөрсөн үед үлдсэн улс төр”, “Орчин үед зөвтгөж, засаж болох үйл явдлын хураангуй” гэж үздэг уламжлалтай. Түүх бол иргэдэд боловсрол олгох гэхээсээ илүү улс төрийн шинж чанартай зүйл юм.
Тийм болохоор түүхийн сурах бичиг юуны өмнө залуу үед нөлөөлж, улс төрийн “зөв үзэл бодолтой” болгон хүмүүжүүлэх хэрэгсэл болж хувирсан.
Солонгос улсыг дэлхий даяар “зөв” ойлгож, хүлээн авч байгаа эсэхийг Сөүлд хатуу чанга хянадаг. “Хангук паро аллиги” буюу гадаадад Солонгосыг “зөвөөр” ойлгуулах талаар ухуулан сурталчлах ажил хийдэг хэд хэдэн байгууллага бий. Тэд лекц, семинар хийж, үзэсгэлэн, урлагийн тоглолт зохион байгуулна. Мөн Солонгосын түүхийг гуйвуулж байгаа эсэхэд хяналт тавьдаг.
Шинэ сурах бичгийг гараагүй байхад нь шүүмжилж эхэлсэн нь одоогийн Ерөнхийлөгч Пак Гын Хегийг цаагуураа чимхэж байгаа хэрэг. Түүний үед гарсан сурах бичиг Японы талыг баримталсан, дарангуйллын системийг зөвтгөсөн байх болно гэж олон хүн үзэж байгаа юм. Учир нь Пак Гын Хегийн аав, генерал Пак Чон Хи хэдийгээр Өмнөд Солонгосын эдийн засгийн гайхамшгийн эцэг гэгддэг ч хатуу ширүүн удирдагч байлаа.
Пакийн үед Өмнөд Солонгос Хойд Солонгостой адилхан дарангуйлагч дэглэмтэй байсан гэж үзэх хүн олон байдаг. Пак Чон Хи гэж хэн бэ, түүний Солонгосын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг юу вэ? Энэ талаар маргаантай зүйл олон.
Ю.Цэдэнбалын үед Монгол хөгжсөн, тэр бол хэлмэгдүүлэгч гэдэг манай маргаантай л ижилхэн. Хүний эрх чөлөөг хяхан боогдуулж, олон хүнийг хэлмэгдүүлсэн ч улс орныг баян болгосон хүн хэмээн Пакийг зөвтгөх нь ч бий.
Пак Чон Хи 1917 онд төрсөн. Японы армид алба хааж, нэрээ япон болгон өөрчилж байсан хүн. Солонгосын үндсэрхэг үзэлтнүүд Пакийн дэглэмийг японжсон, мөрийн хөтөлбөр нь япон хэлний орчуулга гэж шүүмжилдэг. Зүүний үзэлтнүүд Пак Гын Хег эцгийнхээ бодлогыг залгамжлагч гэж үздэг. Тийм болохоор нам дотроо ч Пак Гын Хе ганцаардах үе гардаг. Түүний дэвшүүлсэн олон сайхан санаачилга амьдралд хэрэгжээгүй нь үүнтэй холбоотой.
XXI зууны эхэнд Солонгосын түүхийн хэд хэдэн “домог” нуран унасан нь үндсэрхэг үзэлтнүүдийн хувьд том цохилт болсон. Арван жилийн өмнө зүүний хүчнийхэн “Үндэсний эв нэгдлийн хороо” байгуулж, Пак Чон Хи зэрэг цэргийн дарга нарын талаарх олон домгийг уудлан илчилсэн билээ.
Но Му Хений дараах Ерөнхийлөгч Ли Мен Бак энэ хороог татан буулгахад хэвлэлээр Засгийн газар “түүхтэй дайн зарлалаа” гэж бичиж байлаа. Ер нь бол нэгдсэн сурах бичиг гаргах саналыг Пак Гын Хе гаргаад байгаа юм биш. Эрх баригч “Сэнүри” намын одоогийн дарга Ким Мү Сон дэвшүүлсэн юм.
Энэ хүн үндсэрхэг үзэлтэн бөгөөд Пакийн дараа ерөнхийлөгч болох магадлалтай улстөрчид тооцогдож буй. Тэрбээр шинэ сурах бичиг гаргахгүй бол хүүхэд залуус Хойд Солонгосын сурах бичгээр түүх судалж байна гэж түгшүүр зарласан юм.
Ерөнхийлөгч Пак Гын Хе шинэ сурах бичиг гаргахдаа нийгмийн бүх давхаргыг оролцуулж, нээлттэй хийхээр төлөвлөж буй. Гэхдээ сурах бичиг зохиох ажлын хэсэгт багтсан эрдэмтдийн нэрийг харахад л ямархуу сурах бичиг гарах нь ойлгомжтой байгаа учир олон нийт эсэргүүцэж байгаа юм. Жишээ нь, зохиогч нарын дунд үндсэрхэг үзлээрээ алдартай, профессор Квон Хи Ён багтсан. Шинэ сурах бичиг ямар агуулгатай гарах талаар хэд хэдэн таамаглал бий.
Нэгдүгээрт, Хойд Солонгос, коммунизмын эсрэг үзлээр нэвчсэн байх аж. Пхеньяны харгис үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулж, тэдний өдүүлсэн гэмт хэргийг сурах бичигт түлхүү оруулах болно.
Хоёрдугаарт, Японы эсрэг бүлэг нэмэгдэнэ. Японы түүхийн сурах бичгийн эсрэг хандсан, дайны үед олон мянган солонгос эмэгтэйчүүдийг биеэ үнэлэгч болгон ашиглаж байсан талаар тод томоор өгүүлэх аж.
Гуравдугаарт, Эртний Солонгос гүрний хүч чадлыг өсгөн харуулах болно. Хэдий олон улс орныг эзлэн, мандаж байгаагүй ч эртний баатар, жанжин, хаадаа магтан дуулах юм.
Дөрөвдүгээрт, Одоогийн Ерөнхийлөгчийн аав, Ерөнхийлөгч агсан Пак Чон Хиг аль болох цагаатгаж, зөвтгөх гэнэ. Пакийг цагаатгах нь Өмнөд Солонгос улс түүхэндээ үргэлж ардчилсан улс байсан гэдгийг тодотгож өгөх юм. Дээр дурдсан Ким Мү Сон “Ирээдүй өнгөрсөн үеийн түүхэн дээр тогтдог. Өөрсдийгөө доош нь хийсэн, доромжилсон зүйлийг өгүүлэхээс татгалзах хэрэгтэй” гэж ярьжээ.
Шинэ сурах бичгийн эсрэг дунд сургуулийн багш, их, дээд сургуулийн эрдэмтэн, профессорууд тэмцэж байгаа нь ойлгомжтой. Хэт үзэл сурталжсанаас гадна түүхэн баримт бичгийг гуйвуулж байна гэж тэд үзэж байгаа.
“Ренхап” агентлагийн мэдээлснээр Хангук их сургуулийн 160, Ёнсе дээд сургуулийн 132 профессор, дунд сургуулийн 15 мянган багш шинэ сурах бичиг зохиоход Засгийн газар оролцож байгааг эсэргүүцэж байгаа аж.
Хэдийгээр шинэ сурах бичиг 2017 онд буюу Пак Гын Хегийн бүрэн эрхийн төгсгөлд хэвлэлтэд шилжих ч Солонгосын түүхийн асуудал Өмнөд Солонгосын улс төрийн тэмцлийн томоохон хэсэг болоод буй нь ойлгомжтой.
М.СУГАР-ЭРДЭНЭ