Иргэд болон нөхөрлөл, хоршооллынхон хаана хандаж, зээл, хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах талаар тодорхой мэдлэг, мэдээлэл хомс билээ. Энэ төрлийн сургалт, мэдээллийг ч хүмүүст хангалттай хүргэж чаддаггүй.
Иймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-аас санаачлан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл, хөнгөлөлт хэрхэн үзүүлж буй талаар хоёр дүүргийн иргэдэд мэдээлэл өгч, сургалт зохион байгуулж байна.
Баянзүрх дүүргийнхэнд өчигдөр мэдээлэл өгч, сургалтад хамруулсан бол өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт болно. Тус сургалтад Хөдөлмөрийн үйлчилгээ, мэдээлэл судалгааны үндэсний төв, “Капитал” банк болон дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн ажилчид оролцож, иргэдэд мэдээлэл өгч байгаа юм.
МХЕГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч П.Хорлоо “Иргэд нэг газар очоод мэдээллээ цогцоор нь авч чаддаггүй. Жишээлбэл, дүүргийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, банк зэрэг олон газар дамжиж, хүссэн мэдээллээ олдог ч цаг хугацаа алддаг.
Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд үнэн, зөв мэдээллийг нэг дор хүргэх зорилготойгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна” гэлээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дүүргүүдэд долоон тэрбум төгрөг байршуулснаас Баянзүрхэд 800 сая төгрөг хуваарилсан байна.
Зээл авах хүсэлтэй, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон нөхөрлөл, хоршооллынхон ирэх оны гуравдугаар сарын 25-наас өмнө шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд “Капитал” банкинд хандаж болох аж.
Тус банкны төсөл хариуцсан мэргэжилтэн Т.Цогбаатар “Гурван төрлийн зээл бий. Нэгдүгээрт, ажил олоход хүндрэлтэй иргэнд үр, бордоо, тоног төхөөрөмж, мал, тэжээвэр амьтан авахад зориулж, хоёр сая төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай олгож байгаа. Хэрвээ зээлээ хугацаанд нь бүрэн төлбөл Хөдөлмөрийн хэлтсээс зээлийн хүүгээ буцаан авах боломжтой. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд бизнесийн үйл ажиллагаанаас хамаараад таван сая, нөхөрлөл, хоршооллынхонд 10 сая төгрөгийн зээл өгч байна” гэв.
Эдгээр зээл нь жилийн 7.2 хувийн хүүтэй ба 24 сарын хугацаанд эргэн төлөх аж. Шаардлагатай бичиг баримтын жагсаалтад, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны ерөнхий мэдээллийг агуулсан төсөл, хорооны Засаг даргын тодорхойлолт, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, орлого, зарлагын баримт, барьцаа хөрөнгийн мэдээлэл, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний төвийн албан ёсны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар багтжээ.
Сургалтад дүүргийн олон иргэд оролцож, хүссэн мэдээллээ холбогдох байгууллагын ажилтнуудаас авч байв. “Би хүүхдийн буриад гутал, гэрийн шаахай хийдэг. Бид иймэрхүү сургалтад сууж чаддаггүй. Энд ирээд өнөөдөр (өчигдөр) хүссэн мэдээллээ авч байна. Олонх хүмүүс барьцаа зээлийн талаар их сонирхож байна.
Санаачилга, сэтгэл байгаад зээл авах гэхээр барьцаа хөрөнгө дээр гацчихдаг. Тиймээс дүүрэгтээ хэдэн жил амьдарсан болон гэр бүлийн байдал зэрэг бүх мэдээллийг аваад барьцаа хөрөнгөө боливол зүгээр санагддаг.
Өмнө нь банк бус санхүүгийн байгууллагаар зөндөө явсан, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зээл олгодоггүй юм байна лээ. Олголоо гэхэд хүү өндөртэй” гэж тус дүүргийн VIII хорооны иргэн Ж.Сувдаа хэлсэн.
Уг сургалт, мэдээллийг МХЕГ-ын “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд зохион байгуулж буй.
Э.НАМУУН