Зам тээврийн ослын 60-аад хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс болж байгааг цагдаа нар хэлж байна. Уг нь шинэчилсэн хуулиар явган зорчигч дүрэм зөрчвөл оногдуулах мөнгөн торгуулийн хэмжээг нэмэгдүүлсэн. Гэвч бодит байдал дээр иргэд гарцаар гарч төдийлөн хэвшээгүй байгаа юм.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн явган зорчигчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх буюу 19200 төгрөгөөр торгодог болоод байгаа. Замын цагдаа нар энэ хугацаанд олон иргэнийг торгосон. Гэтэл цагдаа байхгүйг далимдуулж, хаа таарсан газраараа зам гарчихаж байгаа иргэдийг гарцаар гаргаж хэвшүүлэх ажлыг шат дараалалтай хийнэ гэдгийг албаныхан хэлж байна. Эхний ээлжинд дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтарч, хэн болохыг нь тогтооно. Гарын хээг нь ч авна. Улмаар гарцаар гарч хэвшээгүй явган зорчигч нийгмийн халамж, үйлчилгээ авах эрхээ хасуулдаг болох аж.
Өнгөрсөн жилийн есдүгээр сард 13 хүн зам тээврийн ослын улмаас нас барж байсан бол энэ жилийн есдүгээр сард есөн хүн амь насаа алджээ. Бид өөрсдийнхөө амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хайрлан хамгаалж, бусдыгаа хүндэтгэхийн тулд л Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг мөрдөж байгаа гэдгийг иргэд өөрсдөө ухамсарлах хэрэгтэй юм.