Өнөөдөр Нийслэлийн хэмжээнд 900 гаруй хүүхэд асрамж халамжийн төвөөр хүмүүжиж, нийгэм, олон нийт, хүн ардтайгаа хөл нийлүүлэн амьдарч байна. Хоёр жилийн өмнө Улаанбаатар хотод халамж, асрамжийн үйлчилгээ эрхэлдэг 36 төвд 0-18 хүртэлх насны 934 хүүхэд амьдарч байгаа гэсэн тоо баримт гарсан. Тус төвүүд нь эцэг эх, асран хамгаалагч, гэр орноосоо дайжсан, хараа хяналтгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа болон төөрсөн, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд цогц халамж үйлчилгээ үзүүлж, тэдний авьяас боломжийг нээн хөгжүүлэх замаар нийгмийн амьдралд татан оруулах, нийгмийн идэвхтэй гишүүн болгож хүмүүжүүлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүний ч үр дүн гарч тус төвүүдэд амьдардаг хүүхдүүд өнөөдөр бүхэл бүтэн урлагийн тоглолтыг зохион байгуулж, олны сэтгэлийг баясгасан юм.

Тухайлбал, Нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас асрамж халамжийн төв амьдарч буй хүүхдүүдийн урлагийн тоглолтыг зохион байгууллаа. “Аз жаргалтай хүүхэд нас” хэмээх тус тоглолтод Хүүхдийн халамж асрамжийн байгууллагад амьдарч буй 200 гаруй хүүхдүүд 20 орчим урлагийн номерыг тоглож сонирхуулсан юм.

Тоглолтыг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хамтран зохион байгуулагчаар НЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Монголын хүүхдийн ордон, халамж асрамжийн байгууллага зохион байгуулж, халамж асрамжийн төвүүдийн 300 гаруй хүүхэд үзэж сонирхлоо. Тэнд цэцэрлэгийн багачуудаас эхлээд ахлах ангийн сурагчид хүртэлх бүх насны хүүхдүүд дуулж, бүжиглэж, уран нугарч, таеквандогийн үзүүлбэр үзүүлж, өөрсдийн хийсэн уран зураг, шүрэн жаазалсан бүтээл, цаасан сүлжмэл, эсгий болон шүрэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан нь олны нүдийг хужирлаж байлаа.

Тоглолтын талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгалмаагаас тодрууллаа.
-Энэхүү тоглолтод нийт хэчнээн төвийн хүүхдүүд хамтарч оролцож байгаа вэ?
-Нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ойд зориулан хүүхдийн асрамж, халамжийн үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдийн урлагийн тоглолт болон гар урлалын бүтээлүүдийн үзэсгэлэн тавигдаж байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн 376 жилийн ойн арга хэмжээнүүдийн үүд хаалгыг нээж байгаадаа маш баяртай байна. Хүүхдүүд маань ч үүнд их сэтгэл гаргаж бэлдсэн.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн асрамж халамжийн төв үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд 19 байгууллагын 32 асрамж халамжийн төв үйл ажиллагаа явуулдаг. Үүнд 900 гаруй хүүхэд асран хамгаалагдаж, үйлчилгээ авдаг. Сүүлийн 3-4 жилийн турш асрамж, халамжийн төв дэх хүүхдийн хөгжлийн үйлчилгээ их сайжирч байгаа. Тухайлбал, бүх төрлийн авьяасыг нь нээн илрүүлэх дугуйлан, секцийг ажиллуулж, бүх хүүхдийг хамруулахаар хичээж ажиллаж байгаа. Үүний үр дүн ч гарч бүхэл бүтэн концерт тавих хэмжээнд хүрч чадсан гэж бодож байна. Энэхүү тоглолтод 19 халамж асрамжийн төвийн 200 гаруй хүүхэд оролцож, 20 орчим урлагийн номер тоглогдоно. Үүнээс гадна зөвхөн халамжийн төв дотроо гэлтгүй гадагшаа нийгэмшихэд нь маш их анхаарч ажилладаг.
-Төр засгаас эдгээр хүүхдүүдийг хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хөгжлийн үйлчилгээг хүүхдүүдэд ойртуулах, хорооны түвшинд авчрах зорилт тавин, Монголын хүүхдийн ордон, хүүхдийн урлан бүтээх төвүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Өнгөрсөн оноос эхлэн хороонууд дээр хүүхдийн дугуйлан, секц ажиллаж эхэлсэн. Харин энэ жилийн хувьд Нийслэлийн арван хороонд 3-5 дугуйланг хичээллүүлж байгаа.
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь Нийслэлийн ЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг юм. Энэ ч утгаараа хүүхдийн хөгжил, хамгаалал, хууль тогтоомжийн хэрэгжилт зэргийг хариуцаж ажилладаг.
Мөн түүнчлэн Халамж асрамжийн төвүүдийн үйлчилгээ мэргэшиж эхэлж байгаагаас гадна нь хяналт шалгалтыг маш сайн тавьдгийн үр дүнд халамжийн төвд илэрдэг байсан сургууль завсардах явдал, эрүүл мэндийн асуудал, иргэний бүртгэлийн зөрчил, асран хамгаалал тогтоох зэрэг нь огцом багассан байна.












