Улаанбаатар “эрлийз”-үүдээр дүүрсэн хот. Энд хэн нэгнийг эрлийз хурлийзаар нь дуудах гээгүй юм шүү. Улаанбаатарынхны олонх hybrid машин унаж хэвшжээ. Нybrid гэдэг үгийг хөрвүүлбэл эрлийз гэсэн утгатай. Хөдөлгүүр нь дотоод шаталтын болон цахилгаан гэсэн хос энергиэр ажилладаг учраас эрлийз гэж нэрлэдэг.
“Тоёота” компанийн 1997 онд анх худалдаанд гаргасан энэ машин одоо олон орны иргэдийн хөлөглөдөг унаа болжээ. Бүр ч үгүй хорт утаа бага ялгаруулдаг учраас хүрээлэн буй орчинд ээлтэй машин гэж үнэлэгдэж байна.
“Эрлийз” машины анхны төлөөлөл болох “Приус” машиныг монголчууд худалдан авсаар л. Гааль дээр чингэлэг дүүрэн “Приус” буусаар л. Улаанбаатарын түгжрэл гаарсаар л байна. Улмаар нийгмийн үзэгдэл болон хувирч, УИХ-ын танхимд ч “Приус”-ыг хэлэлцэв.
Зөвхөн энэ машины гаалийн татварыг нэмэх санаачилга гишүүдээс гарсан учраас тэр. Шатахуун бага зарцуулдаг, үнэ нь боломжийн хямд учраас дунджууд энэ машин руу хошуурдаг. Тиймээс татварыг нь нэмж үнийг өсгөн, зах зээлийг нь хумихыг санаархсан хэрэг.
Уг нь хорт утаа ялгаруулдаггүй машин импортолбол бага татвар авах эрх зүйн зохицуулалт бий. Гэсэн ч нийгмийн үзэгдэл болсон “эрлийз” маань улстөрчдийн бодлыг “сөрөг цэнэг”-тэй болгосон нь энэ.
За даа, улстөрчид гэж нялзаагаад яах вэ. Улаанбаатарын удирдлагууд л “Приус”-ыг үзэн ядаж байгаа нь ойлгомжтой. Э.Бат-Үүл захирагчийн дайснууд зөвхөн МАН-ынхан биш, мөн “Приус” машин. Түүний багийнхны замын түгжрэлийг багасгахаар санаачлан хэрэгжүүлж буй ажлыг өдөрт хэдэн арваар нэмэгдэж буй “Приус” машинтнууд баллаж байна.
“Приус” худалдаж авахыг хориглох эрх тэдэнд байхгүй. Тиймээс бухимдаад сууж байхаас өөр яах вэ. “Приус” хөлөглөгчдийн тоо цаашид ч өсөх нь ойлгомжтой.
Улаанбаатарын төвийн түгжрэлийг бууруулъя гэвэл нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг ачих, дугаараар хязгаарлах гэх мэт захиргааны шинжтэй аахар шаахар ажил хийхийн оронд нийтийн тээврийн хүртээмжээ нэмэгдүүлж, зөв боловсон үйлчилгээнд дадуулах, “Чингис хаан”-ы талбайг тойрсон албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төвлөрлийг задлах ажлаа яаравчлах хэрэгтэй санагдана.
Ер нь энд нэмж замын сүлжээ бий болгох нь түгжрэлийг бууруулах хамгийн зөв арга. Улаанбаатарт машин ихдээгүй, зам, зогсоол багадаж байна гэж жолооч нар ярьдаг шүү дээ.
“Приус” машиныг хотын төдийгүй хөдөөгийнхөн ч хөлөглөж байна. Дунд гарын жийпнүүдийг “эрлийз” хувилбараар үйлдвэрлээд эхэлсэн. Монголчууд ч унаад эхэллээ. Хэврэг гэж хэлэгддэг ч халаасанд хэмнэлттэй эрлийз машин нь дөрөө жийх сайн унаа гэдэгт монголчууд эргэлзэхээ больжээ. “Эрлийз”-үүд мандтугай.
Т.ЭНХБАТ