“ДОТС-ын хөтөлбөрийг бэхжүүлж, халдвар хяналтын тогтолцоог сайжруулан олон эмэнд тэсвэртэй сүрьеэ болон ХДХВ-ын хавсарсан өвчтэй тэмцэх мянганы хөгжлийн зорилтод хүрэх” төслийн хүрээнд аймаг, дүүргийн эмч нар зөвлөлдлөө. 2014 онд улсын хэмжээнд 4172 хүн сүрьеэгээр өвджээ. Эдгээрийн 385 нь 14 хүртэлх насны хүүхэд, 68.7 хувь нь 16-44 насныхан аж. Манай улсад идэр залуу, хөдөлмөрийн болон нөхөн үржихүйн насны хүмүүсийн дунд сүрьеэгийн тархалт, нас баралт өндөр байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүн олширч байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болоод буйг тус зөвлөгөөний үеэр эмч нар хэлж байв.
2014 онд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймагт сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоосон. Энэхүү судалгааны урьдчилсан дүнгээр хотын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин 100.000 хүнд 316 байгаа нь жил бүр бүртгэгддэг өвчтэй хүмүүсээс гурав дахин олон байгаа гэнэ. Энэ нь хүн амын дунд сүрьеэтэй хэрнээ бүртгэгдээгүй хүн олон байх магадлалтайг харуулж буй аж. Тиймээс сүрьеэгийн кабинетууд анхан шатны маягт хөтлөх, тайлан мэдээ гаргахдаа цаашид анхаарах зүйлс зэргийг зохих шатны эмч, мэргэжилтнүүдэд танилцуулах, интернэтэд суурилсан мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, нотолгоонд суурилсан тандалт судалгаа явуулахад эмч нарын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг зөвлөгөөнийг зохион байгуулж буй аж. Мөн аймаг, дүүргийн ЗДТГ-ын шийдвэр гаргагч нарын дэмжлэгийг авах зорилготой аж.