Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 23-28-нд Төв Азийн орнуудад ажлын айлчлал хийж байна. Монголоос эхэлсэн түүний айлчлалын дараагийн зогсоол нь Туркменистан байлаа. Нефть, байгалийн хийгээр баялаг энэ улсад Шинзо Абэ асар том хэмжээний гэрээ буюу нийт 18 тэрбум ам.долларын төсөл хамтран хэрэгжүүлэх болжээ.
Тус улсад дулааны цахилгаан станц барих, мөн байгалийн хийн Галкыныш орд газарт хоолой барих, дэд бүтцийг хөгжүүлэхэд Японы талаас хөрөнгө гаргах юм.
Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов Японы талд талархал илэрхийлээд цаашдаа эдийн засгийн харилцаагаа улам өргөжүүлж, хими, байгалийн хийн салбарт дахин том төсөл хэрэгжүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.
Ерөнхий сайд Шинзо Абэг Японы 50 гаруй том компанийн төлөөлөгч дагалдан яваа. Тэд Төв Азийн улс орнуудад нийт хоёр их наяд иений хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэж “Никкей” сонин мэдээлсэн юм.
Узбекистанд Японы компаниуд байгалийн хийг дахин боловсруулах үйлдвэр барихад 917 сая ам.доллар оруулахаар болсон бол Кыргызстан, Тажикистанд дэд бүтэц, хурдны зам барих төсөлд оролцож магадгүй байна.
Харин Казахстанд ямар гэрээ хэлэлцээр хийх талаар тодорхой мэдээлэл байхгүй ч уран олборлолтын талаар ярилцаж магадгүй аж. Ерөнхий сайд Шинзо Абэгийн Төв Азид хийж буй айлчлалаар тус улсын компаниуд нийт 250 тэрбум ам.долларын гадаад захиалга авна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
М.СУГАРАА