Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай үйл ажиллагаа явуулж буй газрын бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулжээ.
Шалгалтанд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 170 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 1020 зөрчил илрүүлж, 126 зөрчил буюу 12.3 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар биелүүлэх албан шаардлага 138, мэдэгдэл 19, танилцуулга 21, ажиллагаа зогсоох тогтоол долоо, нэг дүгнэлт бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллаж байна.
Шалгалтын явцад галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчсөн Шунхлай Трейдинг ХХК-ийн шатахуун түгээх станц 26 дугаар салбар, Жаст-Ойл ХХК-ийн шатахуун түгээх станц наймдугаар салбар, Петро Жамп ХХК-ийн шатахуун түгээх станц хоёрдугаар салбар, Сод Монгол групп ХХК-ийн шатахуун түгээх станц 28, 56 дугаар салбар, Дашваанжил ХХК-ийн автомашиныг хийгээр цэнэглэх станц 15 дугаар салбар, Бадрал ХХК-ийн шатахуун түгээх станц нэгдүгээр салбар зэрэг нийт долоон газрыг Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг үндэслэн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулж, мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч ажиллалаа.
Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25 дэх заалтыг үндэслэн нийт 19 субъектыг 6.012.000 /зургаан сая арван хоёр мянган/ төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцсон гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.