Өнгөрсөн хоногт үүссэн цаг агаарын нөхцлийн улмаас хотын баруун, зүүн чиглэлд авто замын нөхцөл байдал хүндэрч нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны давааны баруун талд бага насны хүүхэд зорчиж яваа Приус загварын суудлын автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 19:02 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтайгаар хүрэлцэн очиход Пруис 20 загварын автомашин төв замаас гарч цасанд суусан дотор нь долоон настай , эрэгтэй, 63 настай эрэгтэй, 26 настай эрэгтэй нар тус тус байсныг гарган аюулгүй газарт хүргэсэн байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн даваанаас Жаргалант тосгон орох замд Ланд крузер загварын автомашинтай иргэд шаварт суусан байна гэсэн дуудлагыг 23:27 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн албан хаагчид очиход Ланд крузер загварын автомашин шаварт суусан гаргах боломжгүй байсныг автомашиныг орхиж 28-67 насны дөрвөн иргэнийг аюулгүй газарт хүргэжээ.
Нийслэлийн зүүн чиглэлд Налайх дүүргийн зургадугаар хороо, Тэрэлжийн даваанд цас орсны улмаас зам мөстөж халтиргаа үүсэн олон тооны автомашин боогдсон байна гэсэн мэдээлийг 2015.10.25-ны өдрийн 19:21 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дөрвөн албан хаагч ажиллаж 14 автомашинтай 44 иргэнийг буцааж цасанд боогдох, хөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан байна.
Цаашид цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, цасан шуургатай үед холын замд гарахгүй байхыг олон нийтэд онцгойлон сэрэмжлүүлж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.