Баян-Өлгий аймаг. 2015 оны арванхоёрдугаар сар
Ширээн дээр шилтэй, цаастай, зажилдаг, найруулдаг янз бүрийн эм өрөөстэй. Бүгд ханиадных. Өвлийн өвөлд надтай ёс юм шиг ханьсдаг ханиад томуунаас яасан их залхаж байна аа.
Эхлээд хүүхдүүдтэй, дараа нь надтай, дараа нь хэнтэй ч юм “үерхэх” томуугийн вирус, ямар ч зузаан хувцсыг нэвтлэн тачигнах жавар, халтирвал тархи хагалахаар мөстсөн зам, эзэндээ өшиглүүлэн гийнах нохой шиг муухай дуугаран асах машин... Энэ өвлийн өнгө ийм.
Мичин жилээр далайлгасан өвөлд хөгшин хөвөөгүй бэлдсэн атлаа барьц алдах янзтай. Малчин гэх нэртэй, Монгол Улсын эрх жаалууд хамгийн түрүүнд хэлээ зажлан, хөлөө тийчлэн, өвс тэжээл нэхэв.
Сонгуулийн сураг, уул уурхайнхны чимээнээр хэл, хөлд ордог, бусад үед нь таг чиг болчихдог малчид зуд турхны жавтийг хамгийн их хүртдэг атлаа хаширна гэж ер үгүй. Өвс ургасангүй ээ, гандуу байлаа гээд хадлан бэлтгэхгүй хойш суух атал мал нь өсөөд байдаг нь гайхалтай шүү.
Малынхаа тэр буяныг даахгүй, хот суурингийн биднийхээ халаасыг сэгсэрч, өвс тэжээл нэхсээр 6580 тонн өвс үнэгүй, 2678 тонн тэжээл тал үнээр нь авчихлаа. Одоо дахиад Улсын нөөцийн газраас 2430 тонн өвс, тэжээл хуваарилж байна.
Сумдын хүн эмнэлгүүд ч дуудлаганд унах машинтай, түүндээ хийх бензинтэй болоод зогсохгүй өмнө нь тавьсан өр авлагаа барагдуулаад авлаа. Нийтдээ 47 сум түргэн тусламжийн машинтай болж байгаа юм.
Цоо шинэ тэр машинуудыг хөдөө дуудлагаар явахдаа унах учраас сумын төв, хот суурингийнханд падлийгүй. Тэр хөдөөд нь малчид л байдаг. Ингээд болоогүй өвөлжилтийн хүндрэлийг давж гарахад зориулна гээд Засгийн газар 1.4 тэрбум төгрөг төсөвлөчихлөө.
Хүүхдүүдээсээ нууж, харамлаж байж цааш хийсэн хэдэн төгрөгөө төр, засаг маань малчдад гаргаж өгч буй нь тэр. Зуд гээч зүйл хөдөөгийнхөнд ингэж буянаа өгөх юм даа.
Хотын жаалууд тэгэхэд эмнэлэгтээ багталцахгүй шалан дээр хэвтэж, эмч нар дуудлагаар явах машингүй гээд гэдийж сууна. Ангид багталцахгүй олон хүүхэд өвчин авчирч, бие биедээ халдаалаа гээд сургууль, цэцэрлэгийн багш нар багачуудыг гадуурхана.
Халаалт дулаан доголдсон байрны иргэдийн үг хананд ойгоод л буцна. Ажил дээрээ ноосон цамц, нэхий гуталтай байхад гар бээрч, хөл хүйт даана гэдэг бол хотынхны хувьд зуд. Хотод зуд болдоггүй гэсэн теором хаа нэгтээ байдаг ч юм уу, цас ихтэй, хүйтэн өвлөөр малчдыг л бөөцийлөөд мань мэтийг нь хэн ч тоохгүй юм.
Түлш муутай айлууд гал алдаж, харж хандах хүнгүй хөгшид хэцүүдэж л байгаа даа. Энэ сарын 19-20-нд шилжих шөнө гэхэд Улаанбаатарт таван объект шатсаны дөрөв нь байшин байв. Дөрвөн айл дүн өвлийн хүйтнээр орох оронгүй болжээ.
Энэ зуд биш гэж үү. Мал өвсгүй болбол зуд гэж үздэг, хүн орох оронгүй, унд хоол, түлэх түлшгүй болбол зуд гэдэггүйн учир юу вэ. Хоёулаа л гурван есийн хүйтний балаг юм сан, уг нь. Идэш хэвтэш нь дундарсан малыг харж үздэг төр, засаг гэртэйгээ шатсан, түлэгдсэн багачуудыг тоодоггүйн учир юунд вэ.
Х.БОЛОРМАА
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Р.Хайдав: Манайхаас шалтгаалсан ямар нэг
доголдол гараагүй байна
Нийслэлийн дулаан дамжуулах үйл ажиллагаа хэр байгааг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Хайдаваас тодрууллаа.
-Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ өвөл хэр ачаалалтай байна вэ?
-Жил бүр 200 орчим барилгыг дулааны сүлжээнд нэмж холбодог. Энэ жил 260 орчим б-арилга холбосон. Цаг агаар 10 градусаас дээш хүйтрэхээр өвлийн ачаалалд шилждэг. Хүйтрэх тусам дамжуулах дулаанаа нэмдэг юм.
Бид 122 градусын дулаан дамжуулж буй. Хэрэглэгчдэд ойролцоогоор 70 орчим градустай хүрч байгаа. Ер нь манайхан арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сар гартал хагас цэрэгжилтийн байдлаар ажиллаад сурчихсан.
Саяхан “Дүнжингарав” худалдааны төвд нээгдсэн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд манай байгууллагаас хоёр хүн ажиллаж, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байгаа. Мөн 70047005 утсаар 24 цагийн турш иргэдийн санал, гомдлыг хүлээн авч ажиллаж байна.
-Дулаан дамжуулахад ямар нэгэн доголдол гарч байна уу?
-Дулаан дамжуулахад доголдол гарах хэд хэдэн шалтгаан бий. Ганцхан манай үйл ажиллагаанаас хамаардаггүй.
Дулааны станц, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа түгээх гурван төв, хэрэглэгчдэд үйлчлэх 16 төв, СӨХ болон тухайн албан газар, айл өрхийн шугам зэргээс болж дулаан дамжуулахад доголдол гардаг. Одоогоор манайхаас шалтгаалсан ямар нэг доголдол гараагүй.
300 тонн бодис нэмж авахаар болжээ
Энэ сарын эхээр нийслэлийн зам, гүүрэнд цацдаг бодис хомсдож, 100 гаруй тонн үлдсэн тухай бид мэдээлсэн. Хоёрдугаар сар гартал гурван ч удаа цас орох мэдээг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өгсөн.
Ийм үед нийслэлд хэр хэмжээний бодис, давс, элс байгааг Шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс тодруулахад “Өнөөдрийн байдлаар бодис 25.5, давс 89.2 тонн, элс 391 шоо метр үлдсэн байна. 300 тонн бодис нэмж авахаар болсон. Илүү мэдээлэл бидэнд алга” гэв.
ЦАГ АГААР
Ж.ЦОГТ: ЭНЭ САРЫГ ДУУСТАЛ ГУРВАН Ч УДАА ЦАС ОРНО
Ойрын өдрүүдийн цаг агаарын байдлыг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн дарга Ж.Цогтоос тодрууллаа.
-Өдгөө нийт нутгийн хэдэн хувьд цасан бүрхүүл тогтоод байна вэ?
-Нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай. Баян-Өлгий, Ховд, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Говь-Алтай аймагт 0-4 см буюу тарлан, Сэлэнгэ, Хэнтий, Булган, Говьсүмбэр аймгийн ихэнх суманд 5-9, Увсын Зүүнговь, Улаангом, Завханы ихэнх сум, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Архангайн Тариат, Баянхонгорын Галуут, Жаргалант, Сэлэнгийн Ерөө, Төв аймгийн Угтаалцайдам, Лүн, Дундговийн Өндөршил, Дорнодын Халхголд 20-37 см зузаан цастай байна.
Харин Ховдын Жаргалант, Говь-Алтайн Бигэр, Цогт, Тонхил, Баянхонгорын Шинэжинст, Баянцагаан, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Дорноговийн Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах, Өмнөговийн Ханхонгор, Ханбогд, Хүрмэн, Гурвантэс, Ноён, Номгон, Цогтцэций сум цасгүй байгаа.
-Хүйтний эрч дахиад чангарах болов уу?
-Энэ сарын 23 хүртэл хүйтний эрч дахин чангарч, бага зэргийн цас орно. Ялангуяа 21- 22-нд хамгийн хүйтэн байна. Идэр, Тэсийн сав, Завхан голын эхээр шөнөдөө 43-48, өдөртөө 33-38 градус хүрч хүйтэрнэ.
Мөн Увс нуурын сав, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Халх голын сав газарт шөнөдөө 38-43, өдөр 25-30 градус хүрэхээр байна. Бусад нутгаар шөнөдөө 28-33, өдөртөө 18-23 градус байх төлөвтэй.
Гэхдээ энэ жил өмнө нь байгаагүйгээр хүйтэрч буй юм биш. Олон жилийн дунджаас харахад үүнээс илүү хүйтэн үе байсан. Харин 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, 25-28-нд дахин цас орох төлөвтэй.
Ер нь нэгдүгээр сар дуустал гурван ч удаа цас орж, цаг агаар хүндрэхээр байна. Сарын дунд үед хүйтэрсэнтэй харьцуулахад энэ удаа шуурч, говь талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрэх төлөвтэй.
Цагаан сар хаяанд ирсэн учир хот хооронд зорчигчид нэмэгдлээ. Тиймээс иргэд хол газар явахдаа машин, техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахуун болон бусад хэрэгцээт зүйлээ сайн базаагаарай. Ирэх сарын цаг агаарын төлөвийг хараахан гаргаагүй байна.
Э.НАМУУН
Төв аймгийн малчдад 100 тн өвс үнэгүй олголоо
Төв аймгийн Алтанбулаг, Баян, Баянжаргалан, Баянцагаан, Сэргэлэн суманд 100 тонн өвс хүргэх тусламжийн цуваа өчигдөр Улаанбаатараас хөдөллөө.
Зарим аймагт өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газар 480 дугаар тогтоол гаргаж, 2011-2013 онд улсын нөөцөд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр малчдад үнэгүй олгохоор шийдвэрлэсэн юм.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар оролцож, “Аймаг, орон нутаг, сумдын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлээ боломжийн хэмжээнд хангасан ч өвс олигтой ургаагүйгээс хадлан тэжээл сайн авч чадаагүй.
Байдал хүнд байгаа ч сахилга хариуцлага, зохион байгуулалтаа сайжруулан өвөл, хаврыг хохиролгүйгээр даван туулахаар Улсын онцгой комисс зорьж байгаа” гэсэн юм.
Малын тоогоороо улсдаа байнга дээгүүрт ордог Төв аймагт таван сая орчим мал өвөлжиж байна. Тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь зудын байдалд байгаа аж.
Зарим суманд мал бэлчих боломжгүй болсон тул өвөлжөөнөөс нь гаргалгүй тэжээж байгаа гэнэ. Засгийн газраас олгож буй өвс, тэжээлийг хуваарилбал нэг суманд 500, нэг малчинд 1-2 боодол өвс ногдоно.
Иймд бусдын гар харалгүйгээр зах зээлээс өвс, тэжээлээ базаахыг Шадар сайд малчдад анхаарууллаа.
Б.БАЙГАЛ
ДЭЛХИЙН ЦАГ АГААР
- Монголчууд бичин жилийн хахир хүйтэн өвөлтэй тэмцэж байхад бөмбөрцөгийн нөгөө талд амьд цэцэгс ургаж, амьтад ичээнээсээ гарсан дулаахан өвөл болж байна.
Европ болон Хойт Америкт сүүлийн гурван жил дараалан ийм дулаахан байгаа юм. Дэлхийн зарим томоохон улс, хотын энэ өвлийн тэнгэрийн араншин ямар байгааг онцоллоо.
- ОХУ-ын Тверь, Минск хотод яргуй цухуйжээ. Өнгөрсөн өвөл ч бас эдгээр хотод дүн өвлөөр яргуй цухуйж, хүмүүсийн сэтгэлийг догдлуулсан юм. Харин Москвад ойрын өдрүүдэд бороотой байгаа бөгөөд өнгөрөгч өвөл өтнүүд газар дороос гарч ирсэн нь олон хүнийг гайхашруулжээ.
Тус хотод энэ өвлийн дунджаар 8.7 хэм дулаан байгаа нь 1936 оноос хойших хамгийн дулаахан өвөлд тооцогдож байна. 1936 онд Москвагийн гудамжинд Интоорын модод цэцэглэсэн түүхтэй.
- Америкийн Вашингтон, Денвер хотод цас биш, бороо орж байгаа бол Берлинд энэ өвөл дундаж температур фарангейтийн 64 буюу цельсийн 18 хэм дулаан байна. Тус хотын гудамжинд багваахай цэцэгс ургасан нь олон хүний хайрыг булааж байгаа аж.
- Европ тивийн хамгийн дулаахан өвөлждөг газруудад Испанийн Канарын арлууд, Португалийн Мадейра, Грекийн хамгийн том арал болох Крет, мөн Кипр, Мальт багтдаг. Дорнод болон Өрнөд Европт өвөл болж, цас орж байхад эдгээр газарт 35 хэм хүрч, нар төөнөж, халуу шатаж байдаг аж.
- Монголд дүн өвөл болж байхад АНУ-ын өмнөд муж болох Калифорнид усархаг бороо орж, 33-38 хэмийн халуун байдаг гэнэ.
Харин Ази тивд Зүүн Өмнөд Азийн улсууд болон Австралийн далайн Шинэ Зеландад хамгийн дулаахан өвөл болдог. Эдгээр газарт тун удахгүй борооны улирал дуусаж, халууны улирал эхлэх бөгөөд 35-40 хэм хүрдэг гэнэ.
- Японы цаг уурын байгууллагын мэдээлснээр дэлхийн агаарын температур сүүлийн 100 жилд 0.70, харин Японых 1.15 хэмээр нэмэгджээ. Өмнөд болон Умард Солонгост ч мөн адил дулаахан өвөл болж байна. Сөүлд агаарын температур дунджаар 5 хэмийн хүйтэн байгаа юм.
- Дэлхийн зарим хэсэгт ийнхүү өвөл болохоо байсныг эрдэмтэд муугийн дохио хэмээн дурамжхан хүлээн авч байгаа аж. Тэд байгаль экологид учруулсан хүний буруутай үйл ажиллагаанаас болж дээрх үзэгдлүүд болж байгаа хэмээн үзэж байна.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
М.ЭНХ-АМАР: ГАДААДААС ТУСЛАМЖ ГУЙХГҮЙГЭЭР ӨВӨЛ, ХАВРЫГ ДАВАХ БОЛОМЖТОЙ
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараас цаг үеийн байдлыг тодрууллаа.
-Манай оронд байгалийн давагдашгүй хүчин зүйл бий болоод байна уу, эсвэл хариуцлагагүйн зуд нүүрлэчихэв үү?
-Аль аль нь биш. 2012 онд хариуцлагагүйн зуд болсон. Одоо бол түүн шиг асуудал үүсээгүй. Яагаад гэвэл ард иргэд, орон нутаг өвөлжилтийн бэлтгэлээ гайгүй сайн базаасан. 2009 оны зуднаар нийт 40 өдөр хүйтэрсэн юм.
Одоо 11 дэх хоногтоо (өчигдрийн байдлаар) түүн шиг их хүйтэрч байна. Өнгөрсөн шөнө (I/19-20-нд шилжих) Идэр, Тэс, Завхан голын хөндийгөөр шөнөдөө 50 градус хүйтэн хонолоо.
Ингэж хүйтэрснээс болоод зуд нүүрлэдэг. Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 50 сум яах аргагүй зудтай байна.
-Тэгвэл энэ зудыг хохирол багатай давах боломж хэр байна вэ?
-Энэ өвөл Засгийн газар зуднаас өрсөж арга хэмжээ авлаа. Аймгуудад өвс, тэжээл татах, хөдөөгийн эмнэлгүүдийг яаралтай тусламжийн машинтай болгох, шатахууны өрийг нь шийдэх зэргээр арга хэмжээ авсан.
Өмнө нь Улсын онцгой комисс өдөр бүр орон нутагт хяналт тавьдаг, үүссэн асуудал бүрийг шийдэхэд оролцдог байсан бол энэ удаад аймгуудын Засаг дарга нарт мөнгийг нь өгсөн. Ингэхээр орон нутагтаа үүссэн асуудал бүрийг дор дор нь шийдэж, арга хэмжээ аваад явах боломж бүрдсэн юм.
Орон нутгийн Онцгой комиссыг тухайн шатны Засаг дарга нь тэргүүлдэг учраас энэ нь зөв болсон. Засгийн газраас өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор авсан арга хэмжээ байгаа онолоо.
Өвөлжилт хүндэрч, мал эцэж турсан хойно өвс, тэжээл өгөөд нэмэр болдоггүй. Түүнээс нь өрсөж, асуудлыг шийдсэн.
-Өвлөөсөө хавар нь хэцүү гэдэг дээ.
-Өвөл, хаврыг хохирол багатай дав гэсэн үүрэг аймгуудын Засаг дарга нарт өгсөн. Тэд ч тэгнэ гэж байгаа. Зудын байдалд үнэлгээ хийж үзэхэд ямар ч байсан Засгийн газар гадаадаас тусламж гуйхгүйгээр өвөл, хаврыг давах боломжтой гэж гарсан.
Олон улсын, хүмүүнлэгийн байгууллагууд тусалъя гэж байгаа. Өөрсдийн санаачилгаараа туслах асуудал бол нээлттэй.
-Сум нь аймагтаа, аймаг нь улсад “Өвс, тэжээлээ хангалттай бэлтгэсэн” гэх худал мэдээлэл өгдөг.
Өвөлжилт хүндрээд ирэхэд өнөө өвс, тэжээл нь байдаггүй. Ийм хариуцлагагүй явдал жилийн жилд гардаг. Энэ жил яасан бэ?
-Тэр үнэн. Өмнө нь дандаа тийм худал тоо баримт ирдэг байсан. Харин энэ жил малчид, орон нутаг ч өвс, тэжээлээ сайн бэлтгэжээ. Тоо баримтаа ч үнэнээр нь ирүүлсэн байна.
Мичин жилийн өвөл хэцүү шүү гэж хэвлэл мэдээллийнхэн сайн анхааруулсны үр дүн ч байж мэднэ. Аж ахуйн нэгж, иргэд ч хадлан сайн бэлтгэжээ.
Гэхдээ зах зээл дээр өвс, тэжээлийн үнэ өсөхөөс урьтаж, улсын нөөцөөс 2011-2013 оны өвсийг малчдад буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй, 2011-2014 оны тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулж олгосон.
Улсын онцгой комиссын ажлын хэсгийг 2015 оны арванхоёрдугаар сарын эхээр орон нутагт ажиллаж байх үед дээрх өвс, тэжээлийг малчдад тараагаад эхэлсэн шүү дээ. Тэгэхээр өвс, тэжээлийн үнэ нэмэгдэхгүй байх.
Өнгөрсөн шөнөөс Улсын нөөцийн газраас орон нутаг дахь цэг, салбарууддаа өвс, тэжээл нэмэн байршуулж эхэлсэн.
-Удирдлагаар сайн хангаж, зохион байгуулалтын ажлыг зөв хийсэн тул зуданд зутрахгүй гэж та хэлж байна уу?
-Тийм. ЗГ-ын ХЭГ-ын дарга, Шадар сайд нар энэ сарын 15- нд аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийсэн. Тэр үед аймгуудын Засаг дарга нар “Баярлалаа” гэж хэлсэн шүү дээ.
-Дулаан, цахилгаан, зам тээврийн хувьд асуудалгүй юу. Олон газарт зам хаагдсан, зам засвар, арчлалтын компаниуд мөнгөгүйгээс ажиллах хүн олдохгүй байгаа юм биш үү?
-Авто замын засвар арчлалт хариуцдаг компаниудад 2015 оны үлдэгдэл дөрвөн тэмбум төгрөгийг нь Сангийн яам өгөөгүй байна. Гэхдээ АЗЗА-нууд яаж ийгээд хаагдсан зам, давааг онгойлгосоор, ажлаа хийсээр байгаа.
Дулаан, цахилгааны хувьд хэвийн. Өмнөговийн Дулааны цахилгаан станцын II зууханд энэ сарын 17-нд гэмтэл гарсан. Хэвийн горимд оруулахаар засвар хийж байна.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Орон нутагт өвөлжилт хэр хүндэрч байна вэ?
Ж.ОНГАР (Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга)
-Цэнгэл, Баяннуур сум бүхэлдээ, Улаанхус сумын газар нутгийн тал нь зудтай. Уулархаг нутгаар 20-30 см, хунгарласан газраа түүнээс ч зузаан цастай байна. Энэ сарын 13-14-нд бүх нутгаар цас орлоо. Цасан бүрхүүл тогтоогүй сум алга.
Аймгийн хэмжээнд 1500 орчим мал хорогдоод байна. 280 орчим ямаа хээл хаясан. Хүйтний эрч нэлээд чангарч, ялангуяа, Баяннуур суманд шөнөдөө 40 градус хүрч хүйтэрч байгаа. Өвөлжилт хүндэрсэн сумдад аймгийн аюулгүйн нөөцийн өвс тэжээлээс үнэгүй тараагаад дууссан.
Гэхдээ хөнгөлөлттэй үнээр худалдах өвс, тэжээл бий. Уг нь малчид энэ жил хадлан тэжээлээ сайтар бэлтгэж, төлөвлөгөөгөө 137 хувиар биелүүлсэн. Хадах өвс багатай газар гэхэд манайх бэлтгэлээ сайн базаасан.
Хүнд байдлыг цаашид хэрхэн давах талаар аль аль талдаа нэлээд анхаарч байгаа. Мал сүрэг хувийн өмч учир малчид өөрсдөө өвөл, хаврыг хохирол багатай туулахад анхаарах шаардлагатай.
Орон нутгаас чадах чинээгээр туслахыг хичээж буй. Энэ жил манайх хоёр сая гаруй мал тоолуулсан. Малын тоо өнгөрсөн оныхоос 130.000- аар нэмэгдсэн юм. Өмнө нь хоёр саяд хүрсэн тохиолдол байгаагүй, түүхэн дээд хэмжээ гэсэн үг.
Өнгөрсөн намраас малынхаа тоог цөөлж, махыг нь эргэлтэд оруулах талаар төр, засгаас нэлээд ярьсан ч Алтай суманд шүлхий өвчин гарч, махаа борлуулж чадахгүйд хүрсэн.
Ж.НАРАНБОЛД (Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга)
-Манай аймагт 1.8 сая мал өвөлжиж байна. Бичин жилийн зуд болно гэж нэлээд эртнээс ярьж эхэлсэн учир аймгаас нийт малынхаа 80 хувийг тарга хүч авахуул, тарга тэвээрэг аваагүй, хөгшнийг нь заазал гэсэн зөвлөмжийг малчдад өгсөн юм.
Аймгийн нийт нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүлтэй. Айраг, Даланжаргалан, Алтанширээ, Иххэт гэсэн дөрвөн сум Улсын онцгой комиссоос тогтоосон үнэлгээгээр цагаан зудтай гэсэн ангилалд орсон.
Мөн Дэлгэрэх сум зудархуу гэсэн ангилалд багтаад буй. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас цас орж эхэлсэн, түүнээс хойш хоёр сар өнгөрлөө. Зудтай сумдын малчид отроор өвөлжиж байна.
Дэлгэрэх сумын малчдын 60 хувь нь өөр газарт оторлож буй. Манайх жил бүр хил орчмын зургаан суманд малаа оторлуулдаг, эдгээр суманд одоогоор 85.000 мал өвөлжиж байгаа. Сум дундын отрын таван бүс нутаг бий.
Үүний хоёрыг нь ашиглах боломжгүй, гуравт нь мал оруулчихсан. Бид өвлийн бэлтгэлээ 86 хувь хангасан юм. Малчдын гар дээрх болон сумын нөөцийн өвс, тэжээл дуусаж байгаа, аймгийн нөөц рүү хараахан ороогүй.
Улсын онцгой комиссын үнэгүй олгох өвсний нөөцөөс 8700 боодол буюу 170 орчим тонн өвсийг сумдад хуваарилахаар аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс (өчигдөр) гарлаа.
Малаа онд мэнд оруулахын тулд аймгийн нөөцийн өвсөө тараана. Бас Улаан загалмайн нийгэмлэгт хандаж, тусламж хүссэн.
Хүйтний эрч шөнөдөө 30, өдөртөө 20 градус байна. Сүүлийн хэд хоногт нэлээд хүйтэн байснаа өнөөдрөөс (өчигдөр) эрч нь суларлаа. 20 орчим хоногийн дараа таван ес эхлэх юм чинь дулаарах болов уу гэж найдаж байна.
Т.ГАН-ОЧИР (Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга)
-Өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээс эхлээд 30 гаруй удаа цас орлоо. Түмэнцогтоос бусад сум хэдийнэ гамшгийн байдалд хүрсэн. Цас нэлээд орж, шуураад, хатуурчихсан. Гуу жалгандаа 70-80 см зузаан. Явган шуургатай байна.
Аймгийн баруун урд хэсгийн өвс бага ургасан газруудад цас их унаж, өвөлжилт хүндэрсэн. Баяндэлгэрийн баруун хэсгийнхэн Дорноговийн нутагт оторлож байгаа. Гэтэл тэнд ч бас сайнгүй, зутрах шинжтэй гэнэ.
Манай 13 суманд 3.1 сая мал өвөлжиж байгаа. Аймгийн, сумын аюулгүйн нөөцөд нэлээд өвс тэжээл бэлдсэн ч одоогоор сумдын нөөц дуусаад, Наран, Уулбаян, Баяндэлгэр, Түвшинширээ сумынхан аймгаас өвс татаж эхэллээ.
Наран руу гарсан өвс ачсан машин 3-4 хонож байж очлоо. Цас ихтэй, шуурч байгаагаас хурдан явах боломжгүй. Аймгийн аюулгүйн нөөцөд 200 гаруй тонн өвс байсан. Түүнээсээ өгч эхэлсэн юм.
Аймгийн удирдлагууд нөөц нь дууссан сумдад өвс, тэжээл зайлшгүй бэлэн байлгах ёстой гэсэн чиглэл өгч байгаа. Улсын онцгой комисст хөнгөлөлттэй үнээр тэжээл олгож өгөөч гэсэн санал тавьсан.
Малчид өвлийн бэлтгэлээ сайн базаасан. Сүүлийн 7-8 жилд сайхан өвөл болсон учраас түүндээ дасчихаж. Энэ жил сургамж боллоо. Цаг агаарын урьдчилсан мэдээллээр энэ сарын сүүлчээр дахиад 2-3 удаа цас орж болзошгүй гэсэн. Хүйтний эрч нь харьцангуй саарах юм билээ.
Н.БАЯРМАГНАЙ (Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга)
-10.700 малчин өрхийн 3.7 сая мал өвөлжиж байна. Бэлчээрийн газрын 90 орчим хувь нь цасан бүрхүүлтэй. Тэр дундаа Галуут, Жаргалант, Баянбулаг, Заг, Эрдэнэцогт, Өлзийт гэсэн зургаан сум цагаан зудтай.
Цаашид дахиад цас орвол Баянлиг, Бууцагаан, Хүрээмарал, Гурванбулаг, Баян-Овоо суманд ч зуд болох эрсдэлтэй байна. Их хэмжээний цастай нутгуудад нэг сая гаруй мал өвөлжиж буй юм. Цагаан зудтай байгаа сумдын 185 өрхийн 35.000 малыг Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Өмнөговь аймгийн 14 суманд оторлуулж байгаа.
Мөн 300 гаруй өрхийн 150.000 гаруй малыг өөр суманд оторлуулсан. Одоогоор мал олноор хорогдсон тухай мэдээлэл алга. Засгийн газрын тогтоолын дагуу аймгийн хэмжээнд 300 тонн өвс үнэгүй, 460 тонн тэжээл 50 хувийн хөнгөлөлттэй үнээр цас их орсон сумынханд түгээж дууслаа.
Цаашид өвс, тэжээл нэлээд дутагдах нь. 400 тонн өвс, 200 тонн тэжээл шаардлагатай гэсэн тооцоо гаргаад буй. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш 12 удаа цас орлоо. Малчид өвлийн бэлтгэлээ харьцангуй сайн базаасны хүчинд энэ хүндрэлийг даван туулж байна даа.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх сард зудтай сумдаар олон жилийн дунджийн орчим цас унах төлөвтэй байна гэнэ лээ.
Цагаан зудтай газруудад цас нэмээд орчихвол улам л хэцүүднэ. Тиймээс тэдгээр сумын өвс, тэжээлийн нөөцийг сайжруулах зайлшгүй шаардлага тулгараад буй юм.
Б.БАЙГАЛ