Оршуулгын ёс бол тухайн ард түмний ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлэг мөн угсаа гаралтай шууд холбогддог, түүх соёлын олон асуудлыг илтгэдэг зан үйл юм. Төрөх, үхэх хоёр л үнэн байдаг хорвоод нэг цаг үед төрж өссөн нэгнээ нөгөө ертөнцөд үдэх зан үйлийг монголчууд хамгийн чухалд тооцдог.
Оршуулгын ёслол нь талийгаачийн “сүнс” буюу махан бус биед зориулж үйлдэж буй хүндэтгэлийн үйл бөгөөд булш, бунхан, хөшөөг талийгаач бологсдыг дурсан санаж байх үүднээс бүтээдэг.
Харин өөд болсон хүний сүнс ар гэр, төрөл төрөгсдөдөө нөлөө үзүүлдэг гэх төсөөллөөр “алтан сав” гэх номыг нээлгэдэг. “Алтан сав”, “алтан хайрцаг”, “шинжээ” гэх зэргээр нутаг болгон өөрөөр нэрлэнэ.
Монголчууд булах, ил тавих оршуулгын хэлбэрийг сонгон хэрэглэж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд чандарлах хэлбэр дэлгэрээд байна. 1955 онд “нас барагсдыг оршуулах явдлыг журамтай болгох” тухай хууль гарч ил тавих хэлбэрийг багасгаж байжээ.
Оршуулгын хэлбэр
Булж оршуулах: Анх чулуун зэвсгийн үеэс (нүхэнд суугаа байдлаар оршуулсан олдвор олдсон) дэлгэрсэн байж болох юм. ХVI зуун хүртэл нийтээрээ бөө мөргөлийн шашинтай байсан бөгөөд булшилж оршуулах аргыг хэрэглэдэг байсан нь Буддын шашны нөлөө нэвтрэх хүртэл үргэлжилжээ.
Ил тавих: Энэ ёсыг бурхны шашинтай холбон тайлбарладаг боловч уг язгуур нь бөөгийн шашны үлдэгдэл гэж үздэг. Хээр нутаглуулах нь талийгаачийг уут (гол төлөв хүүхэд) , даавуу, эсгийгээр ороож толгой талд нь манийн үсэг бичсэн мод, чулуу босгож тавьдаг. XVI-аар зууны үеэс жирийн иргэдийн дунд өргөн дэлгэрсэн аж.
Хүн бол адилхан л байгалийн амьтан учраас бусад үхэж буй амьтадтай адил газар шороондоо шингэх ёстой хэмээн буддын шашин үздэг байснаас ийнхүү хээр тавих ёсыг дэмжиж хэрэгжүүлдэг байжээ.
Буддын шашинд хүний сүнс дараа төрлөө олж төрнө хэмээх итгэл үнэмшил байдаг ба хийсэн нүгэл, буяныхаа хэмжээгээр дэс дараалан амьтанд хувиран төрнө гэж үздэг.
Занданшуулах буюу хатаах: Хуучин ХII-XIV мөн ХVI зуунд холбогдог хэд хэдэн занданшуулсан шарил хадны агуйгаас олдож байжээ. Ихэвчлэн агуйгаас олддог учраас судлаачид “хадны оршуулга” гэж нэрлэдэг. Орчин үед монгол улсад занданшуулсан шарил олдсон баримт бүртгэгдээгүй байдаг аж.Чандарлах буюу хайлах: Шашин номын үүднээс нас барсан хүнийг ил оршоох мөн чандарлахыг маш буянтай үйл гэж үздэг байна. Чандарлах ёсон эртний түрэгийн үед мөн уйгаруудын дунд байсан гэх баримт байдаг. Харин ХХ зууны эхэн үе хүртэл зөвхөн томоохон лам, хуварга, ихэс дээдсийг чандарладаг байжээ. Ийнхүү саяхныг хүртэл энэ ёс мартагдахад хүрч байгаад орчин үеийн технологи бүхий хамрах хүрээ, арга барилын хувьд зарчмын ялгаатай болж шинээр гарч ирсэн. “Улаанбаатар буян” компани олон нийтэд зориулсан чандарлах газрыг ажиллуулж байгаа юм.
Оршуулгын зан үйл
Газар гуйх: “Алтан хайрцаг” нээлгэсний дараа талий болоочид зориулж газар сонгон гуйх ёслол үйлддэг бөгөөд хуучин цагт хангай дэлхийгээс “алгын”, “тохмын” чинээ газар гуйж байсан байна. Энэ нь ил тавьж оршуулж байсан үед хамаардаг боловч эрт үеэс хөрст дэлхийгээ дээдэлж ирсний жишээ юм.
Одоо цагт газар сонгохдоо алтан хайрцагт буусан өдөр, цагийг баримтлан сонгож авдаг. Тухайн талийгаачийн насны байдлаас хамаарч настай хүнд бол энгэр газар, залуу хүнд уулын бэл хормойн газар сонгож авдаг нь эртнээс уламжлагдаж ирсэн ахимаг настай хүнийг залуу хүнтэй зэрэгцүүлж нутаглуулдаггүй монгол заншилтай холбоотой юм.
Шарилд гар хүрэх: Шарилд гар хүрнэ гэдгийг нөгөө ертөнцийн хүнтэй харьцаж байна хэмээн тайлбарладаг бөгөөд ивээл жилтэй зарим нутагт харш жилтэй хүн хөнддөг ёстой.
Яс барих буюу шарил хөндөх хүн дээлийнхээ ханцуй захыг дотогш чихэн, малгайгаа буруу харуулж өмсөөд 1-2 хүнтэй хамт талийгаач байгаа гэрт ордог. Ийнхүү хөлөөрөө зөөлөн хүрч “явах цаг чинь боллоо”, “цаг нь боллоо” гэж хэлж сэрээгээд баруун доор явган суугаад исгэрдэг байна. Энэ бол нас барсан хүнийг сэрээж авч явах арга бөгөөд хөгшчүүл малгайгаа буруу харуулах, гэрт исгэрэхийг цээрлэдэг нь ийм учиртай билээ.
Ингээд шарил хөндсөний дараа хамт орсон хүмүүстэй хамжин алтан саванд заасан өнгийн бөс даавуугаар ороож, нүүрийг нь хадгаар битүү боодог байна.
Эмгэнэн гашуудах: Ухуань, Сяньби улсын үед хайрт хүмүүсээ үхэхэд авсных нь дэргэд очин уйлж гашуудан, оршуулах үед дуу дуулж, бүжиг бүжиглэн ёслол хийх маягаар хагацал үйлддэг байжээ. Харин буддын шашны “хэт их уйлбал далай тогтож талийгаачийн сүнс усанд живж төрлөө олж чадахгүй болдог” гэх төсөөлөлтэй холбогдож хэт их гашуудан уйлахыг цээрлэдэг болжээ.
Нутаглуулах: Ингээд шарилыг авсанд хийж ялзарч муудахаас сэргийлэн арц хүж, үнэртэй ус зэрэг анхилуун үнэртэн хийдэг байна. Ил тавьж оршооход тусгайлан дэр оёхгүй чулуу дэрлүүлдэг байсан бол, эрт цагт шанааг нь тулж хэвтүүлдэг байсан байна. Тиймээс шанаагаа тулах, хээр явахдаа чулуу дэрлэхийг хатуу цээрлэдэг.
Талийгаачийн авсанд мөн түүнтэй холбоотой чухал нандин эд эсвэл ажил мэргэжилтэй нь холбоотой зүйлээс хийнэ. Ийнхүү Даваа, Лхагва, Баасан буюу сондгой өдрүүдэд нутаглуулна. Талийгаачийг нутаглуулах гэж авч явах үед гол ус, олон замын уулзвар тааралдвал задгай мөнгө, будаа зэргийг өргөдөг. Оршуулгын газраас буцахдаа зам, мөр буруулах буюу өөр замаар буцах ёстой. Энэ нь тухайн хүнийг оршуулсан газарт (оршуулгын газар) байгаа элдэв муу зүйл (ад чөтгөр, биет бус зүйл)-ийг төөрүүлж буй хэрэг юм.