Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

“Улаанбаатарын мөнгөн шөнө” эхэллээ

Шинэ жилийн баярыг тохиолдуулан нийслэлийн Соёл урлагийн газрынхан өчигдрөөс “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээг төв талбайд зохион байгуулж эхэллээ. Үүний хүрээнд “Улаанбаатар” театрын гоцлол дуучин Д.Шижирмаа, хөгжимчин Г.Бат-Өлзий, Б.Батжаргал нар өчигдөр үдэш уран бүтээлээ толилуулсан юм. Нийслэлчүүд болон гадаадын жуулчид төв талбайд цуглан, шинэ жилийн дурсамж бүтээх боломж бүрдүүлэх зорилгоор уг арга хэмжээг санаачилсан гэнэ. “Улаанбаатарын мөнгөн шөнө” энэ сарын 30-ныг дуустал өдөр бүр 18.00 цагаас үргэлжлэх аж. Уг арга хэмжээний хүрээнд өнөөдөр жааз хөгжмийн тоглолттой юм байна.  Ташрамд дурдахад, Д.Сүхбаатарын талбайд цуглаж, “Улаанбаатарын мөнгөн шөнө”-ийг үзэж буй иргэд, жуулчдад зориулж нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газрынхан шинэ жилийн баярын худалдаа, үйлчилгээг энэ сарын 24-нөөс эхлэн төв талбайд зохион байгуулж байна. 
2023-12-26

Нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж байна

Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж байгаа гэнэ. Төлөвлөлтийг ирэх оны эхээр дуусгаж, нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, иргэдийн автобус хүлээх хугацааг бууруулах зорилгоор чиглэлүүдийг шинэчлэхээр болсон аж. Үүний хүрээнд одоогоор хотын төв хэсгийн буюу Их тойруу орчмын замуудад үндсэн зургаан чиглэл бий болгон, автобус хүлээх хугацааг хоёр минут байлгахаар төлөвлөжээ. Их тойруугаас гаднах хэсэгт 12, түүгээр дамжин өнгөрөх замуудад зургаан чиглэл бий болгох гэнэ. Хотын захаас төв гудамж, зам руу явдаг 46 чиглэл гаргах төлөвлөгөөтэй юм байна. Тэдгээр чиглэлд өдөр тутам 1038 автобус явуулахаар тооцож байгаа аж. 
2023-12-26

Туул голын сав газарт 23 булаг, шанд шинээр бүртгэжээ 

Туул голын сав газрын захиргаанаас нийслэлийн нутаг дэвсгэрт хийсэн булаг, шандын тооллогын дүн мэдээг танилцууллаа. 2023 онд Улаанбаатарт 251 булаг, шанд тоолсны хамгийн олон буюу 81 нь Баянзүрх, 48 нь Сонгинохайрхан, 35 нь Налайх дүүрэгт бүртгэгдсэн аж. Эдгээрийн 143 нь байнгын, 108 нь түр урсацтай бол найм нь бүрмөсөн ширгэсэн байжээ. Мэргэжилтнүүд нийт булаг, шандын 159-ийнх нь эхийг хашиж, хамгаалах шаардлагатай гэж үзсэн байна. Ийм байдлаар хамгаалсан уст цэг 35 байгааг тогтоожээ. 
2023-12-26

14 байршилд мөсөн гулгуурын талбай ашиглалтад оруулжээ

Шинэ жилийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэдэд зориулан 14 байршилд мөсөн гулгуурын талбай ашиглалтад оруулжээ. Мөсөөр урласан бүтээлүүд бүхий хотхон, гулгуурын талбайг тэдгээр байршилд барьсан юм байна. Уг ажлыг энэ сарын 4-нд эхэлж, өчигдөр дуусгалаа. Үүний хүрээнд амьтдын баримал, сүлд мод засах, төв гудамжуудаар гэрлэн чимэглэл өлгөх зэрэг ажлыг ч гүйцэтгэсэн аж. Мөсөн гулгуурын талбайг Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотно талд, Тусгаар тогтнолын талбай зэрэг байршилд байгуулсан гэнэ. Түүнчлэн Багануурын төв талбай, тус дүүргийн IV хороо, Сонгинохайрхан дахь гарааш буулгасан талбайд мөсөн хотхон хийжээ. Төсвийг нь дүүрэг бүр өөрийн хөрөнгөөсөө гаргасан байна. Мөсөн гулгуурын талбайг ирэх оны хоёрдугаар сар хүртэл ажиллуулахаар төлөвлөжээ. 
2023-12-26

Амьжиргааны түвшин доогуур айлын тоо нэмэгдсээр байгааг “Ид шидийн уут” харууллаа

Тандагч нь амьжиргааны түвшин доогуур байх магадлалтай айлуудаар эхэлж ороод, судалгаа хийх үүрэгтэй. Үүний дараа тухайн айлд багаараа зочлох, эсэхийг шийддэг юм байна. Тандагч нар мэргэжлийн судлаач биш болохоор олон хүндрэл бэрхшээлтэй тулгардаг аж. Айлын нохой дайрахаас эхлээд янз бүрийн саад ч учирдаг. Гэсэн ч тэд сонгосон айл руугаа ганцаараа хурдан орчхоод л гараад ирдэг юм билээ. “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаярын удирдаж яваа багийнхантай “Ид шидийн уут” хэрхэн задардгийг энэ сарын 24-нд сурвалжиллаа. 
2023-12-26

 Сайдын шийдвэр сурлагын хоцрогдлыг “гамшгийн түвшин”-д хүргэх вий 

Замын түгжрэлээ зохицуулж чадахгүй болонгуут сургуулиудаа хаахаар шийдчихдэг эрх баригчидтай улс Монголоос өөр байхгүй биз ээ. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид өнгөрсөн долоо хоногт цахимаар хичээллэсэн нэр зүүж, үндсэндээ амарлаа. Өнөөдрөөс дээд ангийнхан нь цахим хичээлд нэгдэнэ. Тэд энэ долоо хоногийн дөрвөн өдөр цахимаар хичээллээд, амрах юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн гэнэтийн бөгөөд хачирхалтай тушаал хэрэгжиж буй нь энэ. Тодруулбал, тэрбээр Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай А/554 дүгээр тушаалыг энэ сарын 17-ны ням гарагт гаргаад, маргаашаас нь хүүхдүүдийг цахимаар хичээллүүлсэн. Харамсалтай нь, сайдын шийдвэрт хэн ч бэлэн байгаагүйг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлууд харууллаа.
2023-12-25

Э.БАЯРМАА: Мал аж ахуй, эрчим хүчний салбар хамгийн их хүлэмжийн хий ялгаруулж байна

Энэ бүхний цаана хүлэмжийн хийн ялгарлыг багасгах замаар дэлхийн дулаарлыг бууруулах зорилготой Парисын хэлэлцээрт оруулах Монгол Улсын хувь нэмэр яригдана. Эл хэлэлцээрт нэгдсэн улс бүр үүрэг хүлээсэн. Одоогоор дэлхий 1.5 градусаар дулаарчхаад байна. Үүнийг энэ хэмжээнд нь барих, цаашид хоёр градуст хүргэхгүй байх зорилтыг дэлхий нийтээрээ тавиад буй юм. Гэтэл Монгол Улс 2.5 градусын дулааралтай буюу дэлхийн дунджаас хэтэрчихсэн. Хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийг тэнцүүлэх, ялгарлыг бууруулахын тулд салбар бүр үүрэг хүлээдэг. Тиймээс олон улсын өмнө хүлээсэн энэ үүргээ биелүүлэхэд нь манай байгууллага Засгийн газарт тусалдаг гэж болно. Энэ судалгаа нь Монгол Улсад хийж буй бидний үйл ажиллагааны нэгээхэн хэсэг.
2023-12-25

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна 

Мөн олон улсын жишгийн дагуу анх удаа болон нэмж үнэт цаас гаргах ажиллагааг андеррайтерын компаниар дамжуулан зохион байгуулах замаар нийтэд санал болгон хувьцаа арилжихад хялбар болгох, зардал, өртгийг бууруулах, анхдагч зах зээлийн арилжааны шимтгэлгүй болгох, андеррайтерын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэхээр тусгасан аж. Үүнээс гадна хөрөнгийн зах зээлд чанартай бүтээгдэхүүний тоог өсгөх, өөрийгөө зохицуулах байгууллагуудын төрлийг ялган, тэдгээрийн эрх, үүргийн хүрээг тодорхой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах, хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал, засаглалыг сайжруулах, хувьцаа эзэмшигчдийн эрхийг эдлүүлэх зэргийг тусгасныг Сангийн яамнаас мэдээлэв. 
2023-12-25

Авлигачдын учруулсан хохирлыг ард нийтээрээ амссан жил

Түүнчлэн Орос, Монголын парламентын удирдлага харилцан айлчилсан юм. Мөн Ерөнхийлөгч Лаост, тус улсын хууль тогтоох байгууллагын удирдлага манайд харилцан айлчлав. Манай төр, засгийн удирдлагын хувьд улирч буй онд 13 удаа томоохон айлчлал хийж, Америк, Хятад, Вьетнам, Япон, БНСУ, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг орныг зорьсон байна. Үүнээс гадна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулган, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын болон “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад тогтмол оролцож, гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллав. 
2023-12-25

Засгийн газрыг эсэргүүцсэн цуглаан зохион байгуулав 

Шатахууны хомсдол, цахилгааны хязгаарлалт, нийслэл хотын замын түгжрэл, агаарын бохирдол гээд олон асуудлыг шийдэх талаар Засгийн газар дорвитой арга хэмжээ авч чадахгүй, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөөр байгааг тэд эсэргүүцсэн аж. Гадаадын зарим оронд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл уг цуглааны зорилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Тэд “Англи дахь бядгүй масс жагсаалд нэгдэж байна”, “Чаддаг чаддаг юмаа хийх нь шийдэл юм”, “Тэвчээр дууссан” , “Америкийн монголчууд коммунизмыг тэвчихгүй” зэрэг лоозон хэвлүүлж, нэгджээ. “Одоо, эсвэл хэзээ ч биш” уриатай энэхүү цуглаан өнөөдөр мөн үргэлжлэх аж.
2023-12-25

Гэр бүлийн хуулиа даруй батлахгүй бол Япон, Солонгосын алдааг давтахад ойрхон байна

Гэр бүлийн тухай хуулийн төсөлд дэвшилттэй заалтууд орсон, цаашдаа өөрчлөлт гарах болов уу хэмээн урлаг соёл, спортынхон, багш, эмч гээд салбар бүрийнхэн хүлээж байна. Нөгөөтээгүүр, гэр бүл, хүүхдийн чиглэлээр ажилладаг, хохирогчдод дэмжлэг туслалцаа үзүүлдэг, тулж ажилладаг “галын шугам”-ынхан сайн хууль баталлаа ч салбар дундын уялдаагүй бол үр дүн гарахгүй гэдгийг онцоллоо. Түүнчлэн шаардлагатай төсвийг нь шийдэхгүй, мэргэжлийн боловсон хүчнээ томилохгүй бол хууль баталсан ч хэрэгжүүлэх хүнгүйн улмаас цаасан дээрээ л үлдэхийг сануулж байгаа. Тэдэнд дуулгах, мөн уншигчидтайгаа хуваалцах таатай мэдээ байна.
2023-12-22

Б.ТЭРГЭЛ: 3D хэвлэгч ашиглан хаягдал хуванцраар бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой

3D принтер ашиглан хаягдал хуванцраар цувих утас үйлдвэрлэх төсөл БШУЯ-наас өнгөрсөн сард зохион байгуулсан “Мон-Х” хөтөлбөрийн шилдгээр шалгарсан юм. Уг төслийн санаачлагч ИНМО компанийн үүсгэн байгуулагч Б.Тэргэлтэй ярилцлаа. Тус компанийнхан хуванцар хаягдлыг инновац, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи ашиглан дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр ажилладаг аж. Бусад улс оронд ч төдийлөн дэлгэрээгүй цувих утсыг тэд Монголдоо боловсруулсан байна. ИНМО компанийнхан үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын хөрөнгө оруулалттай MICS тэмцээнд оролцож, шилдэг хоёр багийн нэгээр шалгарчээ. Мөн нийслэлийн “Startup-2023” тэмцээнд тэргүүлсэн аж. 
2023-12-22

Баярын ширээ засахад хэрэглэх зарим бүтээгдэхүүний үнэ 50.1 хувиар өсжээ 

Баярын ширээ засахад өргөн хэрэглэдэг зарим бараа, бүтээгдэхүүний дундаж үнэ өнгөрсөн сарын байдлаар 2020 оны мөн үеийнхээс 50.1 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, хүснэгтэд харуулсан 15 бүтээгдэхүүнийг 2020 оны арваннэгдүгээр сард 99,555 төгрөгөөр худалдан авч байсан бол өмнөх сарын байдлаар 49,905-аар нэмэгдсэн нь энэ. 
2023-12-22

“Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэн нээлээ 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдрийг тохиолдуулан “Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэнг өчигдөр Үндэсний номын санд нээлээ. Тус үзэсгэлэнг монголч судлаачдын “Эрдмийн хэлхээ” нийгэмлэг, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна. Манж Чин улсын 200 гаруй жилийн дарлалыг зогсоож, Монголынхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн мандуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдийн зургийг үзэсгэлэнд дэлгэн, олон нийтэд үзүүлж байгаа аж. Түүнчлэн Богд хаан болон шашин, төрийн зүтгэлтнүүдийн түүхэн гэрэл зургийг сонирхууллаа. Тухайлбал, Дилов хутаг Б.Жамсранжавын хөргийг ч олон нийтэд танилцуулав. Тэрбээр Хатанбаатар Магсаржав, Догсомын Бодоо нартай Орос улсаас тусламж гуйхаар яваад, албан бичиггүй хэмээх шалтгаанаар Хиагтын хилээс буцаж байсан ажээ. 
2023-12-22

Ирэх онд малын тэжээл экспортлохгүй 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдал, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Архангай, Завхан аймагт ажилласан талаараа Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийсэн байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр Монгол орны нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах, цасны өнгөн хэсэг хайлмагтаж мөсөн бүрхүүл тогтох зэргээр өвөлжилт, хаваржилтын байдал улам хүндрэх төлөвтэй байгаа аж. Энэ сарын 10-ны байдлаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна. 
2023-12-21

Өвөрхангай аймагт 28 иргэн угаартлаа

Тус орон сууцын дөрөвдүгээр давхарт оршин суудаг иргэн Э.Б нь гэртээ халуун тогоонд мах чанаж үлдээсний улмаас уг осол гарсан гэнэ. Тогоонд байсан мах түлэгдэж шатсанаас утаажилт үүссэн байна. Байрны 3-5 дугаар давхарт утаажилт үүссэн тул онцгой байдлын алба хаагчид 12 айлаас насанд хүрсэн 18 хүн, 10 хүүхдийг гаргасан аж. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас үүний талаар тодруулахад “Гэмтэж бэртсэн хүн байхгүй. Угаарын хэмжээ бага зэрэг байсан. Таван давхар барилгад утаажилт үүссэн. Тэнд байсан иргэдийг гаргаж, угаартах үеийн заавар, зөвлөгөө өгсөн” гэсэн юм. 
2023-12-21

Энэ онд 3000 гаруй иргэн угаарын хийд хорджээ 

Аль ч түвшинд байсан угаарын хий мэдрэгчийн чимээнд сэрдэг. Энэ он гарснаас хойш угаарын хийд хордсон иргэдийн 30-40 хувь нь хий мэдрэгчээ унтраасан байсан. Угаарын хийд хордсон тохиолдолд үүсгэгчээс холдож, цэвэр агаарт гарах нь чухал. Мөн халуун, бүлээн ус сайн ууж, цусны эргэлтээ сайжруулан, хордлогыг гадагшлуулах хэрэгтэй” гэв. Хүнд хэлбэрийн хордлогын үед тухайн иргэнд яаралтай хиймэл амьсгаа болон зүрхний гадна иллэг хийх хэрэгтэй аж. Түүнчлэн яаралтай түргэн тусламж дуудах нь чухал юм. 
2023-12-21

Орос, Хятадын ШТС-уудыг оруулж ирье

Монголд шатахууны эзэнгүй хомсдол нүүрлээд байна. Ер нь байнга ингэдэг. Гэхдээ дүн өвлийн тэр дундаа энэ жилийн онцгой хүйтэнд олон хоног, сараар үргэлжилсэн шатахууны хомсдол монголчуудад хатуу тусаж байна. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий шатахууны ханган нийлүүлэлтэд гурван талын оролцоо бий. Шулуухан хэлэхэд, нийлүүлэгч нь Орос, Хятад улс. Зуучлагч нь Монгол Улсын Засгийн газар, ченж нь шатахуун импортлогч компаниуд байдаг. Учир нь манайх бензин, дизель түлшээ гаднаас 100 хувь худалдаж авдаг. Үүний 94-97 орчим хувь Оросоос, үлдсэн хувь нь Хятад болон бусад улсаас орж ирдэг. Яг өнөөдрийн нөхцөлд Оросын тал “Нийлүүлэлтийг хэвийн байхад анхаарч, хичээж байна” гэж байна. Манай улсын Засгийн газар “Шатахууны нийлүүлэлт хэвийн, хомсдол үүсээгүй байна. Иргэд өөрсдөө л дугаарлаад байгаа шатахууныг нь дуусгачихаад байгаа юм” гэж буй. Харин шатахуун импортлогчдын зүгээс ямар нэг тайлбар хэлээгүй л байна.
2023-12-20

Ургамал хамгааллын асуудал хариуцсан агентлаг байгуулна 

Түүнчлэн төсөлд олон улсын конвенцоор хүлээсэн үүргийн дагуу ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бий болгохоор тусгажээ. Нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, таримал болон бэлчээрийн ургамлын хөнөөлт организмын тархалт, энэ чиглэлийн хорио цээрийн асуудал, экспортлох ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, бусад эд, материалд хорио цээрийн гэрчилгээ олгох ажлыг уг байгууллага хариуцах гэнэ. Шинээр агентлаг байгуулах санхүүжилтийг 2025 оны улсын төсөвт суулгах нь. Уг төслийг хэлэлцэхийг гишүүдийн 69 хувийн саналаар дэмжлээ. 
2023-12-20

Нийтийн тээврийн авто бааз барьж байна 

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа орчмын 9.8 га газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн авто бааз барьж буй гэнэ. Уг бааз нь автобусны дулаан зогсоол, авто угаалга, засварын төв, агуулах, уурын зуух, төрийн үйлчилгээний болон удирдлагын нэгдсэн төвтэй байхаар төлөвлөжээ. Гүйцэтгэгчээр “Улз буянт пропертиз” компанийнхан ажиллаж буй бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ноос бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Төлөвлөсөн ажлуудаас нь 110 автобусны дулаан гараашийг энэ онд багтаан ашиглалтад оруулах гэнэ. 
2023-12-20