Монгол болон Мексик улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Францын гэрэл зурагчин Филипп Пакетын “Монгол Улс: Говь цөлөөс Алтайн нуруу хүртэл” үзэсгэлэнг Мексикийн Тепик хот дахь Наярит мужийн Бүсийн музейд дэлгэлээ. Өмнө нь тус улсын нийслэл Мехико хотноо амжилттай олны хүртээл болгосон эл үзэсгэлэнд Монголын байгалийн өвөрмөц тогтоц, соёлын өв, нүүдэлчдийн ахуй амьдралыг харуулсан 71 шилдэг бүтээлийг дэлгэсэн байна.
Эдгээр гэрэл зургийг Филипп Пакет 2023 онд Баян-Өлгий аймаг, Хустайн нуруу, Говь Гурвансайхан зэрэг нутгаар аялахдаа дурандаа буулгажээ. Үзэсгэлэнгээс Алтайн нурууны сүрлэг уулс, говь цөлийн гайхамшигт төрх, бүргэдтэй анчид болон нүүдэлчин гэр бүлийн аж амьдралын үнэ цэнтэй агшнуудыг тольдох боломжтой аж. Хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж буй эл цуврал арга хэмжээг Мексикийн Үндэсний антропологи, түүхийн хүрээлэн хамтран зохион байгуулж буй юм.
Э.СОНДОР