Баруун Европыг хамарсан аагим халууны улмаас Британи, Швейцар, Франц, Герман, Чех, Дани зэрэг улсад зургаадугаар сарын агаарын температур түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Агаарын температур хэт халсны улмаас бүс нутгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 400 орчим хүн (Францад усанд живсэн 55, Испанид халууны улмаас нас барсан 327, Германд усанд осолдсон 20 гаруй хүн) амиа алдаад байна. Өдгөө тус тивд 150 сая орчим хүн цельсийн 35 хэмээс дээш халуун орчинд амьдарч буй юм.
Франц, Британийн эрх баригчид иргэдийг шингэний дутагдлаас сэргийлэхийн тулд өдөр тутмын хэвшлээ өөрчлөхийг анхааруулсан бөгөөд Парис хотод эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ. Урьдчилсан мэдээллээр Германд агаарын температур уржигдар цельсийн 41.5 хэмд хүрсэн гэнэ. Өмнөх өдөр нь Францын хилийн ойролцоо Саарбрюкен хот орчимд 41.3 хэмд хүрч, халсан юм. Мөн Чехийн Доксани орчимд уржигдар агаарын температур 40.8 хэмд хүрсэн нь тус улсын түүхэн дээд үзүүлэлт болжээ. Түүнчлэн Дани улсын Аархус хотын ойролцоо 37 хэмд хүрсэн нь 1976 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Швейцарт ч хамгийн халуун өдрүүд үргэлжилж, Базель хотод агаарын температур 39 хэмд хүрсэн аж.
У.Сүрэн