Төрийн тахилгат Бурхан халдун хайрхны тэнгэрийг тайх ёслолыг өнөөдөр Хамбын эрээн дэх дурсгалын гэрэлт цогцолборт зохион байгуулж байна. Энэ хайрхныг 1818 оноос албан ёсоор тахиж эхэлсэн түүхтэй. Бурхан халдун уулын энэ удаагийн тахилга нь жаранд ганц тохиох гал морин жилийн зуны хөх морь сард болж буйгаараа онцлогтой. Мөн буддын шашны болон бөөгийн ёсыг хослуулан үйлдсэнээрээ түүхэн ач холбогдолтой юм.
Ёслолын бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 21-22-нд бөөгийн отог, хүрээ байгуулж, тахилгын хил хязгаар тогтоох, зан үйлийн хэрэглэгдэхүүнийг зэхжээ. Нийт 5000-6000 бөөгөөс шалгарсан, 21 аймгийн 99 бөө энэхүү тахилгад оролцсон аж. Хөх эрэг дэх бөөгийн отогт ёслолын хаалтын ажиллагааг зохион байгуулна.
Тахилгын комиссын зүгээс маргааш отог буурийг цэвэрлэж, орон нутгийн болон Тусгай хамгаалалттай газрын захиргаанд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод ёслолын дэг журмыг чанд мөрдөх, архидан согтуурахгүй, амьтны амь таслахгүй, байгальд шингэцгүй сав баглаа боодолтой өргөл өргөхгүй байх, түүнчлэн үндэсний хувцастай оролцохыг сануулсан аж.
Б.АРИУНЖАРГАЛ