“Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагчдын нэг, Монголын сэтгүүл зүйн эрдэм чадалтай редактор Намсрайн Баярсайхан Энэтхэг улсын анхны Ерөнхий сайд Жавахарлал Неругийн “Охиндоо бичсэн аавын захидлууд”-(Letters from a father to his daughter)-ыг Монголын уншигчдад анх хүргэж, их тус бүтээсэн ачтан.
Н.Баярсайханы сэтгүүлчийн овсгоо мэдрэмж, төрөлхийн гярхай сониуч зан чанар л уг номыг олж орчуулах сонирхлыг нь өдөөсөн байдаг юм. Тээр жил Н.Баярсайхан сониныхоо шугамаар Энэтхэгт түр сургалтад очих үеэр Дели хотод Монголын Элчин сайдын яамд тааралдсан Шагдарын Бира академич: Манайд 1989 онд орос хэлээс орчуулсан Ж.Неру-гийн “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” (Glimpses of world history) гурван боть номын удиртгал болгож Ж.Неру-гийн “Охиндоо бичсэн захидал” хэмээх авсаархан номыг орчуулбал манай хүүхэд багачуудад их нэмэртэй юм сан гэж ярьжээ. Нэрт академичийн тэр үг Н.Баярсайханы чихний хажуугаар өнгөрсөнгүй. Олж үзэхийн хүслэн болж хэдэн өдөр, хэчнээн ч удаа явсан юм, хуучин номын худалдааны хоёр км урт үргэлжлэх захыг нэг үзүүрээс нөгөөг хүртэл шувталж байж уг номыг олж, эх орондоо авчирсан байдаг. Сэтгүүлч Н.Баярсайхан ингэж эрэл сурал болж, явж англи-монгол хадмалаар гаргасан Ж.Нерү гуайн “Охиндоо бичсэн аавын захидлууд” ном 15 жилийн дараа 2025 онд “Ухаарлын хөтөч” ТББ-ын дэмжлэгээр хоёр дахь удаагаа хэвлэгдээд байна.
Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2020 оны өвөл Баярсайханы төрсөн нутгийн дүү, бидний номын эрхэм садан Цэндхүүгийн Бат-Өлзийн санаачилга, дэмжлэгээр бид олуулаа нийлж, Дхамма-Номын аяллаар Энэтхэг орноор бүтэн сарын хугацаанд Буддагийн түүхэн чухал дурсгал бүхий газраар аялж билээ. Аяллын багийн бүрэлдэхүүнд Монголын Випашяна судлалын төвийн багш Д.Бямбажав, Бимэкс ХХК-ийн захирал Ц.Бат-Өлзий, Н.Баярсайхан, хэсэг бясалгагч бид багтсан юм. Тэгж явах замын турш Баяраа хамгийн арын суудалд шигдчихээд, байн байн “шоглох” хурд сааруулагчид тээглэх автобус тар няр хийхийг ч үл анзааран замын турш монгол бичгээр таталган бичээд л явж билээ. Эх орондоо ирсэн хойноо Баяраа маань “Мьянмар-Энэтхэг-Балба орноор (Аян замын тэмдэглэл) 2020.01.02-31” тэмдэглэл бичсэн байв. Аян замын явдлыг ингэж хичээл мэрийлттэй, нэгбүрчлэн алгасалгүй бичиж, үлэмжийн их мэдлэг, мэдээлэл багтаасан үүн шиг тэмдэглэлийг Намсрайн Баярсайханаас өөр Дхамма-Номын ийм нарийн нягт тусгал мэдрэмжтэй, бүрэн гүйцэд чадварлаг бичих сэтгүүлч санаанд нэг л бууж өгөхгүй байна.
Б.Өвгөнхүү
Бидний хамтрагч асан Н.Баярсайхан маань замын тэмдэглэлийг нь сониндоо нийтэлж амжаагүй байтал хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд ихэд эмгэнэн буйгаа “Өнөөдөр” сонины хамт олон ташрамд илэрхийлж байна.
Мьянмар, Энэтхэг, Балба орноор... Аян замын зурвасхан (цухасхан) тэмдэглэл Улаанбаатар-Бээжин-Кунминг-Мандала-Янгон-Боди Гаяа-Ражгир-Боди Гаяа-Варанаси-Куши Нагар-Бутавал-Шравасти-Лакноув-Шинэ Дели-Агра-Шинэ Дели-Хонконг-Улаанбаатар)
Нэгдүгээр сарын 2. Пүрэв
- 09.15 цаг Улаанбаатар-Бээжин
• Бидний нислэг хоёр цагаар саатсан тул Бээжинд 11.30-д буугаад иммигрэшн, гаалиар орох, ачаагаа авах, терминал солих (3-аас 2) гэж нэлээд бажгадав.
- 14.00 Бээжин-Кунминг
• Дараагийн нислэгийн цаг тулгуу байсан болохоор ачаагаа авах, иммигрэшн, гаалиар орох гэж бас нэлээд сандралдав. Кунмингийн Олон улсын нисэх буудал маш том, орчин үеийн сайхан газар байлаа.
- 20.05 Кунминг-Мандала
• Онгоцны буудал дээр 100 ам.доллар солиулахад 145 000 кяат болов.
- 11.30 Дхамма Мандала бясалгалын төвд хүрэлцэн ирэв. А 4 байрны хаалган дээр Өлзий бид хоёрын овог, нэрийг биччихсэн байлаа. Өлзий хүүтэйгээ хамт С 7 байранд орж, би ганцаараа байв.
Нэгдүгээр сарын 3. Баасан
-Бясалгалын 0 буюу бэлтгэл өдөр. Орой зургаан цагт таван сахил авч, маргаашийн бясалгалын заавар сонссоноор эхэлнэ. Орчинтой танилцав. Байраа жаахан цэвэрлэв. Оймсоо угаав. Унтаж амрав.
Дхамма Мандала бясалгалын төв
-Энэ төв Мандала хотоос 40-өөд км зайтай, өндөр уулын бэлд, ойд байрлах аж. Ихэд эгц цавчим, огцом өндөр, хойноос урагш сунасан, цувраа 7-8 оргилтой битүү модтой уулын баруун бэлд манай бясалгалын төв байгаа бололтой. Уулын орой дээр суварга, барилга байгууламж харагдана. Яг л амралтын газар шиг. Байр нь тохилог, дотроо ариун цэврийн өрөө, угаалтуур, шүршүүртэй, нэг, хоёроороо байрлана. Өрөөнд хоёр орон дээр хөнжил, гудас, дэр, бүтээлэг бэлэн байлаа. Мөн ОО-ын цаас, цэвэр ус тавьсан байв. Би А4 байранд ганцаараа байлаа.
Бясалгалын төв танхим саруулхан, 140-150 хүн бясалгахад хангалттай, орох, гарах хаалга олон юм. Бид өглөөний бясалгалд төв танхимд нийт бясалгагчтай хамт суугаад бусад үед Гоёнка багшийн байранд бясалгаж байлаа. Мөн энд том дугуй барилгад хош байх бөгөөд эрэгтэй, эмэгтэй бясалгагчид тусдаа хаалгаар орно. Эрэгтэй хэсэгт нийт 32 хош байсан. Тойрогийн сегментийг гурван эгнээ болгон хувааж хош хийжээ. Нэг хошийн урт 160-180 см, өргөн 80-100 см, хош нь сегментийн зах, дунд, голд байхаас хамаарч том, жижиг, хаяа руугаа өргөн, гол руугаа нарийн шувтан хэлбэртэй байсан. Хош паркетэн шалтай, цэвэрхэн, сэрүүхэн, чимээ аниргүй, бэлэн олбогтой нь нэн таатай. Хаалга нь дээгүүрээ цонхтой, доогуураа тортой, эсрэг хана дээгүүрээ задгай учир агаарын урсгал чөлөөтэй нэвтэрнэ. Дугуй барилгын хаалга, гадна цонх шумуулын тортой. Мандала орчмын нэгдүгээр сарын цаг агаар яг манай зун шиг байлаа. Өдөртөө 26-27, шөнөдөө 21-22 хэм, бороо ороод л...
- Энэ төвийн 158 дахь удаагийн бясалгалд 100 гаруй хүн бясалгасны бараг тал нь гадаад хүмүүс байв. Бидний номын үйлчлэгч Ухлаамыхт гэж 82 настай хөнгөн шингэн гэж жигтэйхэн өвөө байлаа. 10-аад настайгаасаа бясалгаж эхэлсэн, жилд хэдэнтээ 10 хоногийн болон уртын бясалгалд сууж, бас номын үйлчилгээнд ажилладаг гэнэ. Хэдэн удаа бясалгасныг асуухад тоогоо алдсан гэлээ.
- Бясалгалын хоол унд нэн амттай. Монголчуудын хоолны ширээг тусад нь зассан байлаа.


Нэгдүгээр сарын 14. Мягмар
-Өглөө 04.30-06.30 цагийн хооронд бясалгаад цайгаа уув.
Долоон цагт унаандаа суугаад Ритц Гранд зочид буудалд буув. Өрөө 709. Таван одтой, шинэхэн, цэвэрхэн, тохилог, сайхан буудал байв.
Маха Муни сүм
Бурхан багшийг амьд сэрүүн ахуйд бүтээсэн таван баримлын нэг энэ сүмд байдаг ажээ. Хоёр нь тэнгэрийн оронд, хоёр нь Энэтхэгт бий. Нэг нь энэ юм. Буддаг долоо хоногийн турш бясалгахад гэгээн дүрийг нь шууд харж, энэ баримлыг бүтээсэн аж. Дараа нь уг баримлыг Бурхан багш өөрөө долоон удаа аравнайлсан гэнэ. Эмэгтэйчүүдийн суудал тусдаа. Зөвхөн эрчүүд орж барималд алтан навч нааж болно. 2000 кяат-аар нэг алтан навч авна, дотроос гурван хуудас гарна. Дэргэд нь байх Маха Муни музейд Буддагийн амьдралын чухал үеийг зургаар харуулжээ.
Орох такс 5000 кяат.
Дараа нь “Satama Waiprabe” шашны сургуульд зочилж, 70-80 ламхай нарт үдийн хоолны өглөг барив. Бидний хандивласан мөнгөөр тогооч нь сайхан хоол бэлдсэнийг хүүхдүүдэд ээлжлэн таваглаж өгөв. Хүүхэд бүрд том таваг дээр будаа болон гурван төрлийн гарнир тавьж, нэг лааз ундаа, нэг ширхэг гадил өгөв. 5-14 насны хүүхдүүд байсан болов уу. Дараа нь өөрсдөө хоол хүртэв. Энэ сургуулийг Засгийн газар нь санхүүжүүлдэг гэнэ. Бурхан багшийн хөргийн өмнө бясалгав.
Дараа нь их багш Вэбү Саяадо-гийн бясалгалын агуйд очив. Том биш ч тохилог агуй, агуйн хоймор алтадсан гүнгэрваанд бурхан багшийн хөргийг залж, өмнө нь хоёр вааранд цагаан цэцгийн баглаа хийж, гурван аяга, хүжийн суурь байрлуулсан байв. Мөн хананд нь гэгээнтний хөргийг залж, шалыг нь плитаджээ. Агуйн гаднаас орчин тойрон нэн үзэмжтэй харагдана. Эргэн тойрны уул толгод бүрийн орой дээр өнгө үзэмж төгөлдөр, том, жижиг цац суваргууд битүү ногоон ой шугуй дундаас өнгө алаглах нь үнэхээр нүд баясгаж, сэтгэл сэргээнэ.
- Агуйнаас бууж, У Ба Кин түүнтэй анх уулзсан бясалгалын хошийг үзэв. Нэгэн хүн Вэбү Саяадо-д бясалгалын байр барьж өгөхийг хүсчээ. Олон удаагийн хүсэлтийн дараа яг энэ газар, нэг өдрийн дотор барихыг зөвшөөрснөөр энэ хош бий болжээ. Газраас 40-50 см өндөр дөрвөн шон дээр яс мод зангидаж, залуу нарийхан хулсыг голоор нь зүсэж тэнийлгэн тоонолжлон сүлжиж хошийн ханыг хийжээ. Шувуун нуруу хийж, орчин үеийн хуниастай улаан хүрэн өнгийн дээврийн төмрөөр дээвэрлэжээ. Хошийн хана, хаалгыг гадна дотногүй өвөрмөц үнэртэй нэгэн зүйлээр тосолж ус, чийгнээс хамгаалжээ. Хошийг зориуд хуруу завсартай банзаар шалласан нь халуунд сэрүүхэн байх болов уу. Хаалганы эсрэг хананы доод хэсэгт хоёр тийш дэлгэж нээх 60х40 см хэмжээтэй сэхээвч байв. Шал нь 150х200, өндөр нь 200 см болов уу. Хаалга нь баруун тийш харсан бөгөөд үүдэнд нь намхан хашлагатай довжоотой, довжоо нь таван гишгүүр бүхий шаттай. Хошийг хар хүрэн өнгийн будаг, шал, шатны гишгүүрийг дээврийн ижил өнгийн улаан хүрэн зосоор будсан байв. Хошийн гадаа болон дотор хэсэгт бясалгав.
- Дараа нь хошоос холгүй орших түүний уудаг байсан худгийн уснаас амсав. 5-6 метр гүн, хоёр метр орчим диаметртэй том худаг байв.
- Замдаа нэгэн Архадын гайхалтай сайхан сүмд саатав.
Дэлхийд хосгүй чулуун пайлуур
- Мандала хотын захад Мандалай уулын бэлд орших Кутходов сүмийн эргэн тойрон байх дэлхийд хосгүй 729 гантиг чулуун пайлуур дээр сийлсэн Ганжуур судрыг үзэж сонирхов. Буддын V Сасана буюу чуулганы дараагаар Миндон хааны үед Бурхан багшийн гол сургаалыг 729 чулуун пайлуур дээр бирм хэлээр 1860-1868 онд сийлжээ. Пайлуур бүрийн өндөр 1.53, өргөн 1.07, зузаан 13 см. Пайлуур тус бүрийг агуй хэлбэрийн цац суварга барьж хамгаалжээ. Суваргын оройг үнэт чулуугаар чимэглэжээ. Чулуун пайлуур бүр ар, өвөргүй бичээстэй, нэг нүүрэнд 80-100 мөр сийлжээ.
Энд лут том бодь мод үзэв.
Буудлын 11 давхрын дээвэр дээр “Скай” баард өвөөгийн төрсөн өдрийн оройн зоог барив.
Нэгдүгээр сарын 15. Лхагва
Гурван метр өндөр Будда
Мандала хотоос баруун хойш Монива хотын Хатакан Таун тосгоны ойролцоо орших 116 м өндөр Буддагийн хөшөө үзэв. Суурийн байгууламжийг оролцуулбал 130 м өндөр. 1996 онд эхлүүлж 2008 онд дуусгажээ. Давхар бүрийг 31 тэнгэрийн орныг төлөөлүүлжээ. Зарим давхарт Буддагийн амьдралыг сэдэвлэн дүрсэлсэн байлаа. 27 давхарт гарав. Түүнээс дээш давхар засвартай байв. Давхар хоорондын шат нэлээд огцом юм. Сингапур, Камбож, Өмнөд Солонгос, Тайланд зэрэг улс орны буддын шашны нийгэмлэг тус бүр нэг давхрыг тохижуулж, өөрсдийн сүм хийдийн зураг хөргийг залсан байв. Монголынх байж юу магад гэж явсаар оройд нь тулсан хэрэг. Давхар дээшлэх тусам гэрэл гэгээ цацарч, зураг дүрслэлийн агуулга баяжиж байв. Англи хэлээр тайлбар бараг байсангүй. Бирм хэлээр нэн арвин байлаа. Хүүхэд залуус түүнийг уншаад л зогсож байх юм. Энэ нь нэгэн хэлбэрийн Буддын сургалтын газар юм байна.
Замдаа нэгэн архадад зориулсан сайхан сүм үзэв.
Хот пот шөл зооглов.

Нэгдүгээр сарын 16. Пүрэв
- Өглөө 9.20-д Янгон нисэв. Нэг цаг 40 минут. Централ Гранд буудалд буув. Өрөө 407. Экватороос холгүй болохоор их халуун юм. Өдөртөө 32-33 хэм байлаа. Энэтхэгийн далайн хөвөөнөө орших түм түжигнэж, бум бужигнасан нүсэр том хот.
Олон улсын бясалгалын төв
- У Ба Кин багш энэхүү төвийг 1952 онд байгуулжээ. Чухам яг энэ төвд Гоёнка багш 1955-1969 онд буюу 14 жилийн турш У Ба Кин багшийнхаа дэргэд бясалгажээ. Энд сард хоёр удаа бясалгал явуулдаг гэнэ. Биднийг очиход бясалгалгүй байлаа. Бясалгалын танхим том саруулхан. У Ба кин багшийн бясалгалын хошийн эргэн тойрон багш нарын хош, тэдгээрийн дор бясалгагч нарын хош байх аж. Бясалгалын танхим болон хошид хэсэг сууцгаав. Энэ төв хот дотор хэрнээ дуу чимээгүй, эргэн тойрон ой модтой.
Алдарт Швэдагон сүм
- Будда гэгээрсний дараахан Тапхусса, Баллика гэдэг хоёр бирм худалдаачин түүнд зоог барьжээ. Будда үснээсээ найман тугийг авч тэдэнд шүншиглэн өгчээ. Тэднийг нутагтаа ирэхэд нь Оккалапа хаан хүлээн авч улмаар Бурхан багшийн өмнөх гурван Буддагийн (Какусанда Будда, Кавнагамана Будда, Кассапа Будда) шүтээний хамт бурхан багшийн найман туг үсийг онголсон суварга босгожээ. Тэрхүү суварга нь дөрвөн их Буддагийн нандин шүтээнийг агуулсан алдарт Швэдагон сүмийн эхлэл аж. Манай эриний өмнөх 588 оноос эхлэн 1372 он хүртэл Оккалапа угсааны 32 хаан болон тэдний дараагийн хаад өргөжүүлэн тэлж өндөрлөсөөр 1774 онд Синбюшин хаан 100 м болгожээ. Суваргын торгон орой дээрх 56 см өндөр orb-д нийт 1800 каратын 4351 ширхэг алмааз эрдэнэ шигтгэжээ. 13 метр өндөр, таван метр диаметр бүхий шүхэрлэсэн хэсгийг хагас тонн алт, 83850 ширхэг эрдэнийн чулуу, 4016 ширхэг жижиг алтан хонхоор чимэглэсэн гэнэ. Мөн энд Бурхан багшийн хаш хөрөг баримал, хөлийн мөр, шүд зэрэг олон шүтээн бий. Энэ сүм нийт 46 га талбай эзэлнэ.
Нэгдүгээр сарын 17. Баасан
Саяа Тэтжи багшийн бясалгалын төв
- Янгоноос зүүн урагш 70 орчим км явж, Сажа Тэтжи багшийн бясалгалын төвд очив. 120 гаруй лам 45 хоногийн уртын бясалгал хийж байв. Өнөөдөр 35 дахь хоног нь гэнэ. Тэдэнд өглөг барив. Дараа нь бясалгалын төв дээр үдийн хоол хүртэв.
Нэгдүгээр сарын 18. Бямба
- Өглөө Энэтхэг Боди Гаяа нисэв. Хоёр цаг 20 минут. Бихар мужийн Боди Гаяа хотын Олон улсын нисэх буудал дээр зуучлагч компанийн төлөөлөл бидэнд цэцгэн эрих зүүн угтав. “Маяа” зочид буудалд буув.
Бурхан багш гэгээрсэн Бодь мод
- Будда энд нэгэн бодь модны дор гэгээрсэн ажээ. Одоо энд Махи Боди суварга бий. Буддын шашинтны гол шүтээний газар болжээ. Гол шүтээн нь Буддааг амьд ахуйд бүтээсэн гэх таван хөргийн нэг энд байгаа. Нэг нь Мьянмарт, хоёр нь тэнгэрийн оронд, нэг Энэтхэгт хаа нэгтээ байгаа, эсвэл устсан ч байж магадгүй гэнэ.
Бодь модны дор хэсэг сууж бясалгав.
Мөнгө солиулав. Нэг ам.доллар 71 рупи. (Жич: 25 жилийн өмнө нэг ам.доллар 32-33 рупи байсан)
Нэгдүгээр сарын 19. Ням
- Өглөө цайгаа уугаад Буддагийн үеийн Магадха улсын Ражгир хотыг зорив. 80 орчим км. Буддагийн даян бясалгал хийж байсан ууланд очив. Дүүжин сандлаар дээш гарав. Нэг хүн 80 рупи. Энд Ананд, Шаарийбуу, Могоулан нарын бясалгал хийж байсан агуйнууд бий.
- Бимбисар хаан Буддад зориулан барьсан “Вэлувана” цэцэрлэгт хүрээлэнд очив. Одоо түүнийг сэргээн засварлаж байна.
Нэгдүгээр сарын 20. Даваа
-Буддагийн хатуужин бясалгасан агуйд очив.
- “Сужата” сүмд очив. Сужата бүсгүй энд Гоутамд кхир хэмээх хоол өгчээ.
- Буцаж ирээд бодь модны дор хоёр цаг сууцгаав.
Нэгдүгээр сарын 21 Мягмар
-Өглөө 03.30-д цайгаа уугаад, 04.00-д Варанаси руу хөдлөв. 250 км. Автобус солигджээ. Bharatbenz гэсэн тохилог автобус байна. Бодвол хамтарсан үйлдвэрийнх бололтой.
- Өдөр 14.00 цагт ирэв. “Meadows” буудалд буув. Үдийн хоолоо хүртчихээд Будда номын хүрдээ анх эргүүлж, анхны таван шавьдаа ном заасан газар очив. Энэ газрыг Сарнат хэмээмой.
- Урьд нь Будда таван даяанчтай хамт бясалгаж байгаад тэднийг орхиж явсан аж. Түүнийг ирж явахыг харсан таван даяанч:
- Нөгөө хатуу бясалгалаас буусан хүн ирж явна. Түүнд нэг их хөл алдахгүй шүү. Яах вэ ханхүү байсан болохоор нь суудал тавьж өгье. Өөр илүү хүндлэл хэрэггүй шүү хэмээн ярилцжээ. Гэтэл түүнийг ирэхэд цөм өөрийн эрхгүй босон мэхийж хүндлэл үзүүлжээ. Будда:
-Би бүхнийг ухаарч гэгээрэлд хүрчихлээ гэхэд тэд ихэд гайхжээ. Тэгээд Будда тэднийг дагуулан ойрхон байгаа Сарнатад очиж анапана болон випашяна бясалгал зааж эхэлжээ. Тэд таван хоногт гэгээрэлд хүрсэн гэдэг. Конданя гэдэг даяанч бүр эхний өдөр л гэгээрэлд хүрчээ. Будда хэт хатуу бясалгал хийж, өөрийгөө бүү зовоо, эгэлд бүү шуна, сэтгэлээ таньж дунд зам мөрөөр явахыг таван шавьдаа номложээ. Энэ нь нэн хүндэтгэлт газар бөгөөд Будда номын хүрдээ эргүүлсэн газар хэмээмой.
- Чоуханди суварга, Мулгандх Кути Вихар сүмийг үзэж сонирхож бясалгав.
- Зэрлэг гөрөөсний цэцэрлэг.
Нэгдүгээр сарын 22. Лхагва
- 05.00 цагт цайгаа уугаад 06.00. Ганга мөрний хөвөөн дээр ирэв. Үүр цайх хараахан болоогүй ч хөл хөдөлгөөн их, түм түжигнэж бум бужигнасан газар байлаа. Шатаар уруудаж голын хөвөөнөө очиж аргамжаатай олон завины хоорондуур зөөлөн давлагаалан элсэн хаялгаа илбэн угаах мөрний усанд гараа угаан магнайдаа хүргэв. Ариун номын Ганга мөрний усаар номын цангаагаа тайлах бэлгэдлийн үүднээс ийн ёс үйлдвэй. Хамаг амьтан мунхагаас ангижрах болтугай.
- Ганга мөрний хөвөөнөө хэдхэн минут саатаад Кушинагар хотыг зорив. 350 км. Маш өтгөн манантай, 10-20 метрээс цааш юу ч харагдахгүй байсан тул автобус тун удаан явж байлаа. 10.00-11.00 цагийн үеэс л манан арилав. 15 цагт Кушингар хотноо ирлээ. “The royal residence” хэмээх тансаг сайхан буудалд буув. Өрөө 205. Хоёр ч ариун цэврийн өрөөтэй.
- 16.00-д Буддагийн таалал болсон газар буюу Нирвааны сүмд очлоо. Будда таалал болохоосоо гурван сарын өмнө Рамабхар хэмээх нэгэн бага шиг цөөрмийн дэргэд шавь нар болон ард олонд ном айлдаж бясалгалаа заажээ. Тэгээд бурхан багш: Би та нарт хосгүй Ном үлдээлээ. Үүнд нэмэх зүйл огт үгүй, үүнээс хасах зүйл огт үгүй. Та нарын хэн нь ч ахлахгүй, зөвхөн Ном ахална. Номыг цэвэр ариун байлгахтун хэмээн айлджээ. Тэгээд одоо энэ сүм байгаа газар баруун талаараа хажуулдан хэвтэж байгаад эцсийн амьсгалаа хураажээ. Энэ байрлалыг дүрсэлсэн зургаан метр урт хөрөг сүмд залжээ.
- “Stupa and Nirvana Temple” нар мандахад нээгдэж, нар жаргахад хаадаг аж. Бид сүмд нэлээд удаан бясалгаж байгаад 17.30-д гарцгаав.
- Тэндээс холгүйхэн байх Рамабхар суварга дээр очив. Энд бурхан багшийг чандарласан ажээ. Энэ суваргыг 1910 онд малтаж гаргасан бөгөөд 1956 онд сая бүрэн ил гаргажээ. Энэ нь 34.2 метр диаметр бөмбөгөр хэлбэрийн нүсэр том байгууламж юм.
- Бурхан багшийн чандарыг найм хуваан тухайн үеийн Энэтхэгийн найман хаант улсын найман хаанд гардуулж хадгалуулжээ.
Нэгдүгээр сарын 23. Пүрэв
- Өглөө эрт цайгаа уугаад 6.30-д Балбын зүг хөдлөв. Маш өтгөн манантай учир удаан явлаа. Заримдаа 5-10 метрийн өмнө яваа машин харагдахгүй шахам байв. 200-гаад км замыг бараг 5-6 цаг явж, Энэтхэг-Балбын хил нэвтрэв. Балбын виз 30 ам.доллар аж. Бутавал хотын “Дрийм лэнд резорт” буудалд буув. Өрөө 402. Тун сайхан буудал байна. Үйлчилгээ сайн, хоол амттай байлаа. Кушинагараас энд 240 км явж иржээ.
- Бутавал хотоос баруун өмнө 40 км-т орших Бурхан багшийн яг төрсөн газар, Пускарны хэмээх ариун цөөрмийн дэргэд “Маяа Деви” сүм барьжээ. Ашок хаан чулуун пайлуур босгож брахма хэлээр Будда төрсөн газар хэмээн тэмдэглэснийг 1898 онд илрүүлжээ. Яг энэ газар Маяа Деви сүмийг барьжээ. Сүмд нэг цаг бясалгацгаав. Эргэн тойрных нь туурь манай эриний өмнөх гуравдугаар зуунд Ашок хааны бариулсан байгууламжийн үлдэгдэл аж. 2013 онд олон улсын малтлагын баг МЭӨ 550 оноос өмнө үед хамрагдах модон шүтээн олжээ. Үүнийг зарим судлаач Буддатай хамааралтай, зарим нь түүнээс өмнөх үеийнх гэж үзэж байгаа аж. Энэ цогцолборын нийт талбай 22.3 га, бид “Маяа Деви” сүмд очихдоо скүүтер, буцахдаа завиар явцгаав.
Нэвтрэх такс таван ам.доллар, cкүүтер 30, завь 40 рупи.
Нэгдүгээр сарын 24. Баасан
-Өглөө цайгаа уугаад 08.00 цагт Шравасти хотын зүг хөдлөв. 180 орчим км гэнэ. Балбын хил дээр удсангүй, байцаагчаас тамгыг нь гуйж аваад паспорт дээрээ өөрөө дарчхав. Энэтхэгийн Сонаули боомт дээр жаахан удав. “Дрийм лэнд резорт” буудлынхан үдийн хоол боож өгөв. Хуурсан будаа, гоймон, тахианы мах, бас нэг шөл, гадил, жүрж байв. Би жимсийг нь идээд, хоолоо замын хүүхдүүдэд өгөв.
-16.00 цагт Шравасти хотод ирэв. Платиниум зочид буудалд буув. Өрөө 406. Таван одтой, цэвэрхэн сайхан буудал байв. Өрөөндөө юмаа тавьчхаад алдарт Жэтавааны цэцэрлэгт хүрээлэнд очив. Нэвтрэх такс 300 рупи.
-Буддагийн цаг үед Косула улсын Шравасти хотын Анандхапиндака гэдэг нэгэн баян бурхан багшийн бясалгалд суугаад урьд хожид үзээгүй, мэдээгүй, сонсоогүй сайхан зүйл болохыг мэдрээд ихэд талархжээ. Тэр анх удаа бясалгаад л сортопанаа шатанд хүрсэн гэдэг. Тэгээд тэрбээр энэ сайхан випашяна бясалгалыг олон хүнд хүргэх юмсан гэх сэтгэлийн үүднээс нэг дор 10000 хүн бясалгах газар бий болгох санаа шулуудан үүнийгээ хэмээн бурхан багшид айлдахад Будда инээмсэглэн “саадуу, саадуу, саадуу” хэмээжээ. Тэгээд Анандхапиндака тохиромжтой газар хайсаар нэгэн цэцэрлэгт хүрээлэнг сонгожээ. Тэр цэцэрлэгт хүрээлэн тус улсын ханхүү Жэтавааных байжээ. Анандхапиндака баян цэцэрлэгийг худалдаж авах гэтэл ханхүү худалдахгүй гэжээ. Баян шалсаар л байв. Ханхүү түүнээс салахын түүс болж санаанд багтамгүй өндөр үнэ хэлж түүнийг явуулчихъя гэж бодоод энэ газрыг алтан зоосоор бүрхчихээд ав хэмээжээ. Тэгтэл нөгөө баян тохирлоо гэж хэлээд явчихжээ. Гэтэл төд удалгүй тэрэг тэрэг, хөсөг хөсгөөр алтан зоос ачин ирж нөгөө газрыг бүрхэж эхэлжээ. Газрын тэн хагасыг бүрхэх үед ханхүү нөгөө баянаас ямар учиртай болохыг асуухад Випашяна бясалгалын газар байгуулах тухайгаа хэлэхэд ханхүү одоо зоос зөөхөө боль, үлдсэн газрыг би бэлэглэе хэмээжээ. Ийнхүү алдарт Жэтавааны хийд бий болжээ. Түүнийг нөгөө ханхүүгийн нэрээр нэрлэжээ. Бурхан багш гэгээрснээсээ хойш 45 жилийн турш ард олонд өдөр, шөнөгүй ном айлдаж, випашяна бясалгал зааж байжээ. Ингэхдээ 24-25 жилийн борооны улирлыг энэ хийдэд өнгөрүүлсэн гэдэг. Бурхан багш 84 000 сургаал номлол айлдсаныхаа ихэнхийг энэ газар байхдаа айлдсан гэдэг. (Жич: Борооны улирал гэдэг нь 8, 9, 10 дугаар сар бөгөөд энэ үеэр маш их бороо орох тул хөл хөдөлгөөн эрс татарч, хүмүүс нэг газар энэ улирлыг өнгөрүүлэхийг эрмэлздэг аж.)
Нэгдүгээр сарын 25. Бямба
Өглөө цайгаа уучхаад Жэтавааны цэцэрлэгт хүрээлэнг зорив.
-Бурхан багш шид үзүүлсэн газар очив. Бурхан багш ид шидийг огт ойшоодоггүй байсан гэдэг. Гэтэл өндөр модны орой дээр маш үнэтэй бадар аяга тавиад чадах нь ав хэмээн нэгэн баян амлажээ. Буддагийн нэг шавь нисэж очоод аягыг авчихжээ. Үүнээс улбаалан бурхан багш ганц л удаа чухам энэ газар шидээ үзүүлсэн гэдэг. Яагаав нөгөө амро жимсний түүх.
-Бурхан багштай тэрсэлдэг байсан Дэвататын ухаарсан газар очив. Яагаав нөгөө 20 сая галав дараа бурхан болох нөхөр.
-Бурхан багшийн бясалгал хийдэг сүм болон шавь нартаа ном айлддаг байсан сүмийн туурь дээр хэсэг бясалгав. Гайхалтай байлаа.
-Бурхан багшийн тэргүүн шавь Ананд бурхан багш дор нь сууж гэгээрсэн Бодь Гаяагийн бодь модноос мөчир үрслүүлэн Жэтавааны цэцэрлэгт суулган ургуулжээ. Үүнийг Ананд бодь мод гэх аж. Өлзий бид хоёр Ананд бодь модны унасан навчнаас хэдийг авав.
-Буудалдаа ирж бүртгэлээ хийлгээд 12.30-д Лакноув хотыг зорив. 170 км. Шууд онгоц буудал дээр ирэв. 20.15-д хөөрөөд цаг гаран нисээд Шинэ Дели-д буув. 22.00 цагийн орчим “Ашок каунтри резорт” буудалд ирэв. Өрөө 236.
1 дүгээр сарын 26 Ням
-Өглөө 05.00 цагт сэрээд жаахан суув. 07.15-д цайндаа ороод 08.00-д Агра хотын зүг хөдлөв. 220 орчим км. Зам сайхан болжээ. Дөрвөн эгнээ, хоёр урсгалтай сайхан хурдны замаар сүнгэнүүллээ. 25 жилийн тэртээ зам ийм байгаагүй билээ. Замдаа нэг зогсож, кофе уугаад 13.30-д Агра хотод хүрэлцэн ирэв.
Таж Махал
Бабур гэдэг нөхөр эрх мэдэл эзэмшил нутгаа алдмагц 1525 онд өнөөгийн Узбекистаны Ферганы хөндий орчмоос Гимилайн уулсыг даван орж ирж Делийн Султанатыг эзлэн авчээ. Тэр улмаар Гимилайн өвөр нутгийг эрхшээж, Их Могул (Great Mughal Empire) улсыг цогцлоож, Агра хотыг нийслэлээ болгожээ. Түүнийг эцэг талаасаа Темирлан хааны тав дахь үе, эх талаасаа Цагаадайн удмын ес дэх үе хэмээн эх сурвалжид тэмдэглэжээ. Түүний ууган хүү Хүмүяан, түүний хүү Акбар, түүний хүү Жахангир, түүний хүү Шах Жахан, түүний хүү Ариунзэв нар 1525-1707 оны хооронд хаан ширээнд суусан нь Их Могул улсын оргил үе юм. Эднээс хойш сулран суларсаар 1800-гаад оны эхэн үе хүрч, улмаар Энэтхэг орон, өмнөд Ази даяараа британчуудын колони болж өнгөрсөн зууны дунд үеийг хүрч, дөнгөж 1949 онд тусгаар тогтножээ.
Шах Жахан хаан 14 дэх хүүхдээ төрүүлэх гээд 1631 онд нас барсан хатан Мумтазынхаа дурсгалд зориулан Таж Махалыг бариулжээ. 20 мянган гар урчууд 22 жилийн турш барьсан гэдэг. Таж Махалын өндөр, өргөн нь яг тэнцүү 55 метр аж. Цагаан гантиг дээр хээ хуар, цэцэг навч, чимэглэл дүрс, коран судрын бичээс зэрэг нь зурмал зураг шиг харагддаг ч ойртоод харвал өнгө өнгийн чулуугаар шигтгэж хийсэн нь үнэхээр гайхалтай. Энэ нүсэр бүтээн байгуулалт улс орны эдийн засгийг маш их туйлдуулсан ч Шах Жахан хаан өөртөө зориулан хар гантиг чулуугаар бас ийм нүсэр байгууламж барихаар шийдэхэд нь хүү Ариунзэв нь дургүйцэж хаан ширээг 1658 онд булаан эцгийгээ гэрийн хорионд байлгаж байгаад таалал төгсөхөд нь Таж Махал дотор Мумтаз хатны бунхны дэргэд онголсон гэдэг.
ЮНЕСКО 1988 онд Таж Махалыг дэлхийн соёлын өвд бүртгэж, дэлхийн долоон гайхамшгийн нэг хэмээн зарлажээ. Жилд 7-8 сая жуулчин ирж үздэг гэнэ. 2015 онд Таж Махалыг 850 сая ам.доллар хэмээн үнэлжээ.
Таж Махалыг үзээд 15.00 цагт Дели хотын зүг буюу Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудал руу хөдөллөө. Зам зуур нэгэн дэн буудалд пицца зооглов. 20.30-д онгоц буудал дээр хүрэлцэн ирэв. Онгоц цагтаа нисэв.
Цав цагаан гантиган Таж Махал таван зууны тэртээ яг л ийм байсан болов уу гэлтэй жин үдийн наранд нүд гялбуулан угтлаа. 25 жилийн тэртээ Шинэ Делид хагас жил шахам амьдрахад Таж Махалд гурвантаа ирэх учрал тохиож билээ. Хагасын хагас зууны дараа буюу өнөөдөр дөрөв дэх удаагаа ирлээ. Хүний амьдралын 25 жил гэдэг бас ч урт хугацаа. Харин Таж Махал буюу түүхийн хувьд ёстой юу ч биш, хумхын тоос төдий ажээ. Энд юу ч өөрчлөгдсөнгүй. Нэгэн хачин их хайр сэтгэл, хүсэл шуналын бэлэг тэмдэг болсон нөгөө сүрлэг, эрхэмсэг, бас дүнсгэр дүр төрх хэвээр ажгуу...
Нэгдүгээр сарын 27. Даваа
Онгоц өглөө 08.20-д Хонконгод буув. Буудлын мөргөлийн танхимд 15-уулаа нэг цаг хамт бясалгаад тарцгаав. 202 дугаар гэйт дээр цугларч, 26 өдрийн урт аяллынхаа дөрөөг мултлахаар МИАТ компанийн Гүег хааны нэртэй онгоцонд сууцгааж, Улаанбаатарыг зорилоо.
Энэ бол бидний аяллын найм дахь нислэг юм. Бид онгоцоор 10 гаруй мянган км нисэж, долоон өөр автобусаар нийт 2000 шахам км зам туулжээ. Бид Дхамма Мандала бясалгалын төвөөс гадна Мандалайд Ритц Гранд, Янгонд Централ Гранд, Боди Гаяад Маяа, Варанасид Мэдоус, Куши Нагарт Рояал Резиденс, Бутавалд Дрийм Лэнд, Шравастид Платиниум, Шинэ Делид Ашок Каунтри Резорт зэрэг есөн зочид буудалд бууж, бас “Эйрбус” онгоцонд нэгэн шөнийг өнгөрүүлжээ.
Онгоц хуваарийнхаа дагуу 20.00 цаг өнгөрөөд Буянт-Ухаад газардлаа. Биднийг жаахан хөл хөдөлгөөнтэй угтлаа...
За ингээд цухасхан тэмдэглэлээ өндөрлье.
Бясалгалд хөл тавьж байгаа миний хувьд энэ ёстой гайхалтай аялал боллоо.
Дхамма Мандала төв дээр, тэгэхдээ бүр Их Багш Гоёнкажи болон Матажи нарын байранд 10 хоног бясалгалаа.
Урьд нь уламжлалын их багш нарын тухай зөвхөн номноос унших, чихээр сонсохоос хэтрээгүй байлаа. Гэтэл тэдний түүхэн холбогдолтой газар, орон байр, агуй хош, бясалгалын төв зэргийг үзэж сонирхохоор барахгүй, тэдний орон байр, хошид бясалгана чинээ бодож явсангүй. Ийм учраас энэ бол випашяна бясалгагчийн хувьд хамгийн үнэ цэнтэй аялал болох нь гарцаагүй.
Дараа нь бид Энэтхэг, Балба орноор аялж, Буддагийн төрсөн, гэгээрсэн, номын хүрдээ эргүүлсэн, нирваан дүр үзүүлсэн зэрэг Буддын шашны хамгийн ариун дагшин, хамгийн хүндтэй дөрвөн газар очлоо. Мөн алдарт Жетаваана хийд, Вэлувааны цэцэрлэгт хүрээлэн болон бусад түүхэн олон газраар орлоо. Буддаг амьд сэрүүн ахуйдаа бясалгал хийж байхад хуулбарлан бүтээсэн, улмаар Будда өөрөө аравнайлсан хоёрын хоёр хөрөг баримлыг үзлээ. Энэ бүхэн бол Буддын шашинтан болон түүнийг хүндэлдэг хүмүүсийн хувьд хамгийн үнэ цэнтэй, хамгийн сайхан аялал болох нь гарцаагүй.
Энэ аяллыг гардан зохион байгуулж, замчлан хөтөлсөн Бя багш, энэ сайхан аяллыг санаачилсан, улмаар өвгөн бид хоёрыг дагуулан явж, энэрэн халамжилсан дүү Өлзий болон санаа сэтгэл нийлэн сайхан аялсан багийн бүх гишүүдэд баярлан талархаж байна.
Бхавату сабба мангалам.
Хамаг амьтан үнэн амар амгаланг эдлээсэй. Тэмдэглэл тэрлэсэн сэтгүүлч, редактор Н.БАЯРСАЙХАН 2020.01.02-31