Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Эхийн хоол тэжээлийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь” орон нутгийн сургагч багш бэлдэх сургалт боллоо. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Сүхбаатар, Өвөрхангай аймгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийг хамруулсан байна. Энэхүү сургалт нь эхийн хоол тэжээлийн талаарх мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, жирэмсний үеийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, улмаар эх, нярайн эрүүл мэндийг дэмжихэд чиглэж буй юм.
Хоол тэжээлийн дутагдал нь жил бүр 2.7 сая хүүхэд эндэх суурь шалтгаан болж буй бөгөөд нас баралтын 45 хувь нь үүнтэй холбоотойг ДЭМБ-аас мэдээлсэн. Хүүхэд хоёр нас хүртэл шим тэжээллэг хоол хүнс хэрэглэж чадвал өвчлөл, нас баралтыг бууруулж, халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлийг багасгадаг аж. 2025 онд танилцуулсан “Монгол Улсын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгаагаар нийт тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 4.9 хувь нь хоол тэжээлийн дутагдалтай бүлэгт хамаарч байв. Мөн нийт эхчүүдийн дөнгөж 14.3 хувь нь хоногт хэрэглэвэл зохих таван бүлэг хүнс (жимс, ногоо, цардууллаг болон мал, амьтны гаралтай хүнс, буурцаг, самар, үр)-ний бүтээгдэхүүн хэрэглэж байна.
Ч.ЦЭЛМЭГ